Л.Пүрэвсүрэн: Л.Пүрэвсүрэнгийн сэтгэлийг хөдөлгөж, хүссэн сэдэв рүүгээ хөтлөх гэж оролдож байгааг ойлгож байна
2016 оны 6 сарын 9 [Уншсан тоо: 59136]



Гадаад хэргийн сайд, ноён Л.Пүрэвсүрэн манай зочноор уригдлаа.


-Хэдийгээр таныг эртнээс таних ч Гадаад хэргийн сайдын хувьд анх удаа ярилцаж байна. Их ажлын тоосон дунд, их улс төрийн бужигнаан дунд болж байгаагаарай бидний ярилцлага өвөрмөц байх болов уу?

-Зочноор урьсанд баярлалаа. Үнэхээр сайдын алба хаших болсоор уулзаагүй юм байна. Зав зайгүй л ажиллаж байна даа. Энэ утгаараа таны хэлж байгаатай санал нийлж байна.

-АСЕМ-ын чуулган гэдэг сэдвээр яриагаа эхлэе. Энгийн иргэдийн төвшинд энэ талаар төдийлөн сонирхох ч үгүй яваа байж мэднэ. Харин цахим ертөнцөд бол шүүмжлэл давамгайлж байна.  Мэдээж дэлхийн улс төрийн тоглоомууд дотор энэ өөрөө ямар хэмжээний акц билээ. Энийг зохион байгуулах эрхийг авахад ямар хэмжээний ажиллагаа зарцуулж байж авах билээ. Бидэнд ирэх агуулгын ач холбогдол нь юу билээ гэх өнцгүүдээс хүлээж авч байгаа, дэмжиж байгаа хэсэг ч байгаа. Өнөөдөр таны ажлын бараг 70-аас илүү хувь энэ арга хэмжээн дээр төвлөрч байгаа болов уу?

-Үнэхээр АСЕМ бол яг тулчихсан их ажил болоод байна л даа. Би дипломатууддаа, ажилтнууддаа, гаднын сэтгүүлчдэд ч гэсэн уулзахдаа хэлж байсан. Магадгүй бусад улстөрчдийн, бусад сайд нарын хувьд энэ ирж байгаа сонгууль нь  хамгийн чухал байгаа байх. Миний хувьд чухал биш, миний хувьд бол АСЕМ хамгийн чухал байнаа гэж. Үнэхээр Ази, Европын дээд хэмжээний уулзалт гэдэг бол том юм шүү дээ. Одоогийн байдлаар бид 40 гаруй орон төр засгийн тэргүүнийхээ хэмжээнд оролцъё гэсэн, ийм хариу авчихаад байж байна. Нэгдүгээрт, зохион байгуулж байгаа, хүлээж авч байгаа орны хувьд асар том боломж, бас том сорилт юм. Энэ бол зүгээр л сүүлийн үед бидний босгоод ирсэн юм биш, олон үеийн дипломатуудын, олон үеийн манай төрийн зүтгэлтнүүдийн зүтгэсэн зүтгэл, гадаад харилцаан дээр олж авсан итгэл найдвар л байхгүй юу даа. Тэрнийг л одоо ашиглаж, түшиглэж, тэрний хүчинд итгээд  бид энэ том хурлыг хийе гэж зориглосон. Мэдээж одоо сонгууль бололгүй яахав.  Гэхдээ арай хол харах шаардлагатай байх. Хэнри Киссинжер гээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан, одоо ч гэсэн амьдарч байгаа алдартай улстөрч бий. Тэр хүний нэг хэлсэн үг байдаг юм. “Улстөрчид бол энэ тав дахь өдөр хүртэл яаж амь зуух вэ гэдгийг боддог. Харин дипломат улс төрийн бодлого гэдэг зүйл бол дараа зуунд яаж амь зуух вэ гэдгийг боддог юм аа” гэж. Би энэ үгийг их боддог. АСЕМ-ын чуулганыг зохион байгуулж байгаа явдал бол Монголын гадаад бодлогын хувьд үнэхээр чухал алхам. Дараагийн олон арван жил Монголыг хооллох тэр зүйлийн төлөө хийж буй ажил. Монголын нэр хүндийг гадаад ертөнц дээр өргөх том үйл ажиллагаа. Тийм учраас олон нийтээрээ анхаарч дэмжиж, дотоодын улс төр дэх сөрөг хүчин энэ тэр гэсэн хуваагдлаа орхиод, нэг зүг хараад зүтгэх шаардлагатай юм. Одоогийн байдлаар бэлтгэл ажил маань дажгүй сайн байгаа. АСЕМ гэсэн энэ дээд хэмжээний уулзалтаас гадна бас есөн том арга хэмжээ хийх юм шүү дээ. Тэрнийхээ хоёрыг нь хийчихлээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд хоёр дахь арга хэмжээ нь өндөрлөлөө. Ахлах албан тушаалтнуудын уулзалт нь гэхэд 170 гаруй дипломат ирж байгаа юм шүү дээ. Ерөөсөө 51 орон, хоёр олон улсын байгууллага нийлээд топ дипломатууд нь ирж байгаа юм. Би манай Гадаад хэргийн яамны залуу дипломатуудаа бүгдийг нь оролц гэсэн.

Бүгдийг нь орж сонс гэж шаардаж байгаа. Сурах их юм байна. Ямар асуудал дээр ямар улс нь ямар байр суурьтай байдаг юм байна гээд мэдээд сонсоод ав гээд.  Өнөөдөр ч гэсэн олон нийтэд мэдээлээгүй ч гэсэн 60 гаруй хүн ирчихсэн, нөгөө ирэх гэж байгаа лидерүүдийнхээ бэлтгэл ажлыг хангана гээд явж байна. Тэгэхээр энэ ажил бол тасралтгүй явж л байгаа. Ачаалал нь өдөр ирэх тусам цаг минутаар нэмэгдэж байна.  Ямар ч байсан Монгол Улс энэ ажлыг даваад гарна. 

-Таны хувьд бол бодлогоор л хангаж ажиллах үүрэгтэй юу. Эдийн засгийн бусад асуудлуудаас хол байгаа юу?

-Яалаа гэж, Гадаад хэргийн яаман дээр Асем-ын бэлтгэл ажлын алба гэж байгуулаад, бэлтгэлийг нь хангах зохион байгуулах ажлыг Гадаад хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулж өгсөн. Хамгийн жижиг асуудлаас нь эхлээд хамгийн том асуудал хамааралтай. Эдийн засгийн бэрхшээлтэй байхад энэ Асем-ыг хийх шаардлага байсан юм уу гэсэн шүүмжлэл явж байгаа. Зарим нь бол хүчээр санаатайгаар гуйвуулга ч явуулж байна. Болж бүтэж байгаа юмыг болохгүй мэтээр зарлах ч юм уу, мэдэн будилж ч юм уу, зарим нь бол мэдээллийн дутмаг байдлаас болоод ч юм уу буруу мэдээллийг урсгаж л байна. Тийм учраас бид долоо хоног тутмын дөрөв дэх өдөр хэвлэлийн төвөөрөө дамжуулан мэдээлэл өгч байгаа. Аль болох Асем-ыг ард түмэнд ойлгуулах, Монголын ирээдүйд ойлгуулах талаар ажиллаж байна л даа. Шинэ зохион байгуулалтууд, бүтээн байгуулалтууд их хийж байгаа. Засгийн газар л баахан  мөнгө гаргаад явж байгаа юм шиг буруу ойлголт их явуулах юм. Үнэн хэрэгтээ аж ахуйн нэгжүүд арилжааныхаа шугамаар зээлээ аваад, хийгээд явж байгаа юм шүү дээ. Арван долоо найман хувийн зээлтэй явж байна гээд бас зовлонгоо хэлдэг. Ийм өндөр зээлтэй, эрсдэлтэй ажиллаж байна шүү дээ. 43 зочид буудал түнш буудал гээд ажиллаж байна. Тэд өөрсдөө зээлээ аваад л явж байгаа. Эдийн засаг хүнд байгаа үед бид нар аль болох бага зардлаар, амжилттай даван туулахыг бодож байгаа. Ийм үед мэдээллийн сөрөг урсгалаар нүдмээргүй байна л даа.

-Ачаалал нь хувийн хэвшил дээр бас төвлөрөөд байдаг?

-Тийм. Социализмын үед байсан бол командлаад л хийх байсан байх л даа. Одоо бол тэгж болохгүй биз дээ. Хамгийн гол нь эдийн засгийн хөшүүрэг нь байх ёстой. Зах зээлийнхээ дүрмээр явах ёстой. Бид чинь зах зээлийн бус замаар явж байгаа тийм орон биш шүү дээ. Тэгэхээр бүх юм сонгосон нийгмийнхээ мөн чанараар, зарчмаар нь л явах ёстой гэсэн үг.

-Асем-ыг зохион байгуулагч орон болно гэдэг өөрөө том алхам. Манай Ерөнхийлөгч бол Монголын мөрөөдлийг нэлээн үсэргэж шиддэг, хол зурдаг, өөрөө хол мөрөөддөг хүн л дээ. Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг манайх тэдэн онд авна гээд л мөрөөддөг.  Мэдээж энэ хурлыг зохион байгуулах эрхийг авахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулсан гадаад бодлогын түлхэц асар өндөр. 

-Тийм. Үнэхээр зүгээр юманд  хүрье гэвэл мэдээж  эхлээд том зорилт тавьж байж л эхний удаа  дунд хавьд нь л ядаж очно шүү дээ. Жижиг юм мөрөөдөж, жижиг зорилт тавибал тэгээд л байран дээрээ байж л байна биз. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр он жилүүдэд Ерөнхийлөгч маш олон гадаад бодлогын том том амбиц гаргаж тавьж ажилладаг. Тэрэндээ ойртох гээд, хүрэх гээд л зүтгэчихдэг. Тэрний нэг нь бол яах аргагүй Асем. Зориглож ийшээ алхсан бодлого гаргаж тавиагүй бол Асем Монголд ирэхгүй байсан. Би ганцхан юман дээр жишээ аваад ярьдаг юм. Жишээлбэл, Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагад элсээд 50 жил болж байна. Тэгтэл нэг ч удаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр юм уу, Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлээгүй байдаг юм шүү дээ.Үргэлж айдаг.  Өө, бид нар чадахгүй байх гээд арагшаа суудаг.

 -Өөртөө итгэдэггүйн л гай байх даа.

-Өөртөө итгэдэггүй, эх орондоо итгэдэггүй. Энэ бүх зогсонги байдлыг Ерөнхийлөгч халсан. Асем-ыг одоо бид авах ёстой гэж Ерөнхийлөгч санаачилга гаргасан. Гадаад яамны дипломатууд дэмжсэн. Мэдээж энэ дээр улс орны өрсөлдөөн явна. Энэ дэлхий бол өрсөлдөөний дэлхий. Бүх улс орнууд яаж эх орноо дэлхийн нүдэнд харуулах вэ гээд өрсөлдөж байна. Хамгийн гол нь энэ дээр итгэлийн асуудал байгаа юм. Эд нар чадах уу гэж бусад улсууд нь эргэлзэнэ. Тэгэхээр энэ дээр харагдах манай улсын  сүүлийн үеийн хөгжлийн үеүд харагдана. Өмнө нь Монгол гэхээр л ЗХУ- ын дагуул, ер нь өөрийн толгойтой юм уу, үгүй юм уу гэж хардаг байлаа. Сүүлийн хорин хэдэн жил ардчиллын замаар явсан жилүүдэд бол бид нар өөрийн толгойтой. Дээрээс нь бид төрт ёсны агуу уламжлалтай. Монголын түүх гээд асар том өгөгдөхүүн байж байна шүү дээ. Евроазийг холбож байсан түүх маань зогсож байна. Торгоны зам гээд л  чөлөөт худалдааг жинхэнэ утгаар нь хийж байсан түүх бий. Энэ бүх хүчин зүйлс эд нар бол дэлхийн түүхэнд бичигдсэн, асар баян түүхтэй ард түмэн, дээрээс нь орчин үеийн Монгол орон шүү. Эд хүн төрөлхтөний нийтлэг замаар явж байгаа. Орос, Хятадынхаа хооронд учраа олоод, дээрээс нь гурав дахь хөршийнхөө бодлогыг зохицуулаад ирлээ. Хүний эрх, эрх чөлөөг хангах, төлөвшүүлэх үйлсэд ямар алхам хийж чадсан юм. Явдаг жамаар нь л явж ирлээ. Тийм болохоор эд нар чаднаа гэсэн ийм итгэлийг л энэ дэлхий нийтийн лидерүүдэд төрүүлж чадсаны л үр дүнд энэ итгэл найдварыг авсан юм шүү дээ.  Тэгэхээр энэ бол нэг талаас сорилт, нөгөө талаас бид нарт үзүүлж буй асар том итгэл байхгүй юу.

-Та бол Монголын гадаад харилцааны салбарын үндсэн хүмүүсийн нэг. МГИМО төгссөн. Ер нь энэ сургуулийн төгсөгчид манай гадаад харилцааны салбарын суурийг бүрдүүлсэн болов уу?

-Хуучин бол тийм байсан. Одоо цаг үе өөрчлөгдөж байна. Хуучин Гадаад хэргийн яамны дипломат албаны бараг 90 гаруй хувь нь МГИМО төгссөн  хүмүүс байдаг байлаа. Одоо бол өөр. Одоо олон орнуудад боловсрол эзэмшсэн залуучууд ажиллаж байна. Баруунд, Орост, Хятадад, Японд гээд. Гэхдээ МГИМО бол дэлхийд яг энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг бас л тэргүүлэх сургуулиудын нэг шүү дээ. Жил болгон Гадаад хэргийн яамнаас бол 2-3 хүнийг яамны нэр дээр сургаж байна. Оросын талаас ч зарим тэтгэлэг олгож байна. Тэгэхээр МГИМО-гийн уламжлал бол байж байгаа. Хажуугаар нь бид нар шинэ салхи оруулж ирсэн. Энэ утгаараа дипломат алба  улам л баяжиж байгаа, улам л хүн хүчний хувьд өөр болж байгаа. Дээрээс нь бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай болж байгаа юм л даа. Яагаад гэвэл бид хуучин, орон дагнасан мэргэжилтэн бэлдээд байдаг байсан. Одоо энэ глобалчлалын үед асуудал хариуцсан, салбараар мэргэшсэн тийм нарийн мэргэжлийн хүмүүс бий болгох шаардлагатай болчихож байгаа юм. Жишээлбэл, байгаль уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гээд л байна. Өмнө нь ойлгохдоо яагаад ч юм байгаль орчны чиглэлийн салбарын хүмүүсийн л асуудал гэж явцуу ойлголттой явж байсан. Одоо бол энэ асар том улс төрийн асуудал болсон. Асар том санхүүгийн асуудал болсон. Асар том улс төрийн тоглоомын асуудал болж байх жишээтэй. Тэгэхээр энэ рүү бид нарийн мэргэших ёстой. Нэгдүгээрт, тэрний арын улс төрийн тоглоомуудыг мэдэж байхаас гадна тэр байгаль орчны үндсэн юмыг нь ойлгож байх ёстой. Санхүүгийн том том юмнууд энэ асуудлын ард байж байна. Зээл тусламжийн асуудал гээд. Энэ бүхний ард улс төр байдаг. Иймэрхүү шинэ нөхцөл байдлуудаас үүдэж дипломат мэргэжилд их хэмжээний өөрчлөлт орж байна л даа.

-Хуульч хүний мэргэжлийн хамгийн том амбиц шүүгч болох байдаг юм шиг. Дипломатуудын хувьд Элчин сайд болох мөн үү ?

-Мөн. 

-Өөрийг тань их сурлага сайтай хүүхэд байсан гэж сонссон. Мэргэжил сонголтоо хийхэд тань гэнэтийн тохиолдсон учралууд нөлөөлсөн үү. Эсвэл бүр чиглэсэн мөрөөдөл байв уу. Энэ салбартай хувь заяагаа холбоод хэдэн жил ажиллаж байж Гадаад хэргийн сайд болов оо?

-Би 1983 онд Говь-Алтайд аравдугаар ангиа төгссөн. Аравдугаар ангиа алтан медальтай төгсөж байлаа. (инээв) Би хүүхэд байхдаа математикаар их явсан.

-Улсын олимпиадад гялалздаг л хүүхэд байсан гэсэн.

-Гуравдугаар ангиасаа эхлээд л математикийн олимпиадад орж байсан. Тэгээд л аймгийн аварга, дараа нь улсын олимпиадад ороод л явсан. Дараа нь физикээр явсан. Физик рүү яагаад долоо наймдугааар ангиасаа гэнэт орсон гэхээр математикт нэлээн гүнзгий явахаар арван жилийн төвшинд бол мухар луу ордог юм ш дээ. Дээд тоо үзээд ирэхээр бол өөр төвшинд очиж, улам задраад явна л даа. Аравдугаар ангид байхдаа улсын аваргад ирээд улсад тавдугаар байрт орж байсан. Хөдөөнөөс багшгүй ирээд л орж байсан. Тэгэхэд одоо энэ Р. Гончигдорж гишүүн эд нар чинь Их сургуулийн математикийн багш байсан. Тэгээд л нэгдүгээр сургуулийн тусгай, 48 дугаар сургуулийн тооны тусгай гээд нэртэй сургуулиудын хүүхдүүдтэй л олимпиадад орж байсан. Ер нь бол сурлага гайгүй байсан л даа. Хөдөөний хүүхэд ч гэсэн математикийн гэрийн багштай байлаа. Манай аав бол хүүхдүүдийнхээ  боловсролд нэлээн анхаардаг хүн байсан л даа. Тэгээд Улаанбаатарт ирээд математикийн сургуульдаа явна гээд байж байсан чинь Олон улсын харилцааны чиглэлээр танай хүүхдийг судалсан, явуулна гэж аавд хэлсэн.  Ер нь бол хөдөөнөөс ирж байгаа, тэгээд л энэ хотын сургуулиудын гайгүй сайн хүүхдүүдийг шилж байгаад Гадаад яам авдаг байсан юм билээ. Би учрыг нь ч сайн олоогүй, ер нь л математикаараа сурна гэсэн бодолтой. Тэгээд л маргааш нь Гадаад яаман дээр аавтайгаа очиж уулзаад, “Би өөр сургуульд орох бодолтой” гээд хэлэх гэтэл одоо бид  шийдчихсэн. Хадланд явнаа гээд л гаргасан. Ингээд л хувь заяа шийдэгдэж байгаа юм л даа. Тэр цагаас, 1983 оноос хойш одоо 34 дэх жилтэйгээ золгож байна.

-Тооны хүүхдүүд инженерийн сургууль л илүү мөрөөддөг юм шиг санагддаг. Танд сонголт хийх боломж олгоогүй юм байна л даа?

-Ер нь бол хүүхдийн сэтгэлд янз бүрийн л мөрөөдөл байдаг ш дээ. Мундаг тоочин болно, физикч болно л гэсэн юм мөрөөддөг байлаа. Тэрнээс биш гадаад харилцааны чиглэлээр явна гэж ердөө төсөөлж байгаагүй. Москвад очоод эхний жилээсээ эхлээд л хоёр хэл үзээд эхэлж байгаа юм. Нэгдүгээр хэл герман хэл, хоёрдугаар хэл франц хэл гээд үзээд эхлэхээр эхний үед бол их л хүнд л байсан. Шантрах үе бол байж л байлаа.

-Тэр үед франц хэл үздэг хүн ер нь цөөхөн байсан байх аа. Францаар мэргэшсэн дипломатууд хэр олон байсан бэ?

-Францаар мэргэшсэн дипломатууд бий бий. Сонирхуулж хэлэхэд манай Говь-Алтай аймгаас чинь анхны Гадаад хэргийн сайд төрж байсан. С.Аварзэд сайд гээд. С.Аварзэд сайд чинь франц хэлний хүн байсан шүү дээ. Нэгдүгээр хэл нь франц хэлтэй хүн байсан.

-Москвад таван жил сураад л шууд яаманд уу?

-1989 онд төгсөж ирээд л Гадаад яаманд ажилласан.

 -Та чинь таван хэлтэй гэдэг бил үү?

-Үгүй одоо ер нь юу билээ (инээв).

-Уг нь энэ чинь бахархал биз дээ?

-Хамгийн сонин юм нь би англи хэлийг системтэйгээр ерөөсөө албан ёсоор үзээгүй байдаг юм байна. Яагаад гэвэл орос хэлээр хичээл явагдана. Герман хэл нэгдүгээр хэл, хоёрдугаар хэл нь франц болсон. Тэгээд л германаараа ажиллаад явчихсан. Нэг аврах юм бол үндсэндээ нөгөө англи хэл чинь герман хэлнийхээ бүлэгт ордог, бүх үйл үг нь адилхан. Тэгээд дараа нь яахав хэд хэдэн газар мэргэжил дээшлүүлсэн. Шинэ Зеланд, Америкийн Хавайд, дээрээс нь бас Харвардын Кеннедигийн их сургуульд хүртэл очиж байсан. Хэлийг хэрэглээд байхаар ер нь сайжраад явчихдаг. Тэгэхдээ дипломатуудад  бол хэлний шаардлага бол үнэхээр өндөр л дөө. Үнэхээр хэлийг бол доторлох л шаардлагатай. Гадарлах төвшинд ажиллах бололцоогүй.



-Тэгээд амьдралынхаа их олон жилийг зориулж байж л Элчин сайд болдог юм шиг байна лээ. Та Элчин сайд байж үзээгүй бил үү?

-Үгүй. Би чинь алгасаад сайд болчихсон хүн шүү дээ. Яахав Ерөнхийлөгчийн зөвлөх хийж байсан. Зөвхөн гадаад бодлогын зөвлөх бус сүүлийн жилүүдэд нь бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөх давхар хийж байсан л даа. Тэр төвшинд ажиллахад маш өргөн харах боломж байсан л даа. Үндсэндээ хамрагддаггүй юм ч гэж бараг байдаггүй гэж хэлж болно.

-Та нарын түүхээс нэг юм сонирхол татдаг юм л даа. Гадаад хэргийн яам бол ямарваа хувьсгал хөдөлгөөн, өөрчлөлт, үймээн самуун, нийгмийн том донсолгооны үед нэлээн хол байдаг. Татагдаж, савалдаггүй л дээ. Та нарыг ид залуу үед яаман дотор бүлгэм байгуулагдаж байсан байдаг.

-Дугуйлан

-Дугуйлан... Ийм тоглоомоор оролдоход тэр үед бол эрсдэл биз дээ?

-Ер нь гадна талдаа л тэгж хаагдмал хатуу байгууллага юм шиг харагдаад байдаг байсан болохоос биш үнэн хэрэгтээ социализмын үед гадаад явж, гадаадад удаан хугацаагаар амьдарч үзсэн хүмүүс нь Гадаад явдлын яамныхан л байсан шүү дээ. Манай ахмадууд ч тэр, бид ч тэр ил гарч ирж ярьдаггүй болохоос дотроо гадаад бодлогоо асар их шүүмжилдэг байсан. Бид одоо нэг орныг дагаад ингэж явж болж байгаа юм уу, ерөөсөө энэ систем маань нэг л болохгүй байна гээд л. 

-Нүд тайлсан хэсгийнхэн байсан учраас түрүүлж харах, мэдрэх тал дээр бол өөр төвшинд очсон байсан байх нь?

-Тийм, нүд тайлсан хэсгийнхэн байсан учраас юмыг нэлээн өргөн дэлгэр хардаг болсон байсан. Бид нарын яг нэг сайн тал нь юу байсан бэ гэвэл Горбачёвын өөрчлөн байгуулалтын үеийн оюутнууд байсан. Орост шинэчлэлийн хөдөлгөөн ид өрнөж байхад тэнд сурч байсан. Тэгээд Монголд ирээд 1989 оны долдугаар сард ажилдаа орсон. Гадаад яаманд нөгөө шинэчлэлийн үнэр ч байхгүй юм шиг л санагдаж байсан. Тэгээд намраас нь л юм дуулдаад ирсэн. Ханцуй шамлаад л орж байгаа юм чинь. Бид нар Гадаад явдлын яаман дээр анхны бүлгэм байгуулсан. Үнэн хэрэгтээ тэр үеийн нам төрийнхөн  жоохон цочирдсон байх. Тэр үед Төв хороо хавьцаа бол манай Гадаад явдлын яамныхан бол бат ар тал гэж л бодож байсан байх.  Гэтэл хамгийн түрүүн Гадаад явдлын яамны залуучууд бүр зохион байгуулалттайгаар дугуйлан, бүлгэм байгуулж хөдлөөд эхэлсэн. Бас л сонин түүх.

-Дипломат суурьтай улстөрчдийг ажиглаад байхад энэ хослол их тийм сул амбицтай харагддаг юм. Үндсэн мэргэжил нь эв эеийг барих, зохицуулах чиглэл дээр илүү төлөвшдөг. Улс төр бол өөр. Хяргалцана, байлдана, тулалдаж л өндөрлөгөө эзэлдэг. Тэнд эр зориг, хатуу чанар нэлээд шаардагддаг.  Энэ хоёр хослолыг тээж явдаг улстөрчдийн карьер жаахан удаан ч юм шиг. Танд тэгж ажиглагддаг уу?

-Би бол тэгж бодохгүй байна. Харин ч манай МГИМО-ынхон улс төрд амжилт олдог. Олон жишээг та өөрөө мэднэ дээ.

-Тийм удаан бишээ, тийм бөөрөнхий бишээ, тийм сул бишээ л гэж хариулж байна уу?

-Сул биш. Дипломатууд бол улс төрд орвол боломжтой явчихдаг юмаа гэдгийг л хэлж байгаа юм. Зөвхөн Монголд ч биш, дэлхийд олон жишээ байгаа юм л даа. Хувь хүний өөрийнх нь үндсэн шинж чанараас мэдээж их юм шалтгаална ш дээ.

-Таны карьер бол их удаан явсан юм шиг санагддаг.


-Тийм үү, би бол гайгүй л байна гэж боддог ш дээ. (инээв)

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого дээр тэр олон жил тэснэ гэдэг гаднаас нь харахад хувь хүний амжилтад бүтэн найман жилийн хөдөлмөрөө зориулж байгаа юм шиг харагдаж бас болно. Ер нь юмыг яаж ч харж болно шүү дээ. Үүний эрсдэлийг улс төрд эргээд үүрч ч харагддаг л даа. Ерөнхийлөгчийн хүн гэх шошго л наадаг?

-Нэг хүнд зориулаагүй, Монгол төрдөө зориулсан гэж би хэлнэ. 1989 онд сургууль төгсөж ирснээс хойш хэзээ ч бизнес хийж байсангүй. Би яг л төрийн албан хаагч хүн. Миний баримталдаг зарчим бол Монголын язгуур эрх ашиг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн аппаратад ажиллаж байгаа бүх албан хаагчдад Монголын язгуур эрх ашгийг л нэгдүгээр зэрэгт тавих. Энэ шалгуурт тэнцэхгүй бол ажиллах боломжгүй. Монгол Улсын Гадаад бодлогод үсрэнгүй гэж хэлж болохуйц амжилтуудыг бүтээх үйлсэд бид зүтгэлээ зориулсан. Монголын гадаад харилцааныхаа салбарт л хувь нэмрээ оруулсан он жилүүд.

-Дипломатууд улс төрийн тулалдаан дунд ая эвийг олох гэж илүү хичээж, илүү алхам хийдэг байх. Та харин Ерөнхийлөгчийн дэргэд олон жил явсан хүн болоод тэр үү, тулалдахаас айдаггүй, их тэсвэрлэг болсон юм шиг?

-Яахав тэр түрүүн хэлснээр хувь хүний өөрийнх нь характераас шалтгаалж байгаа юм л даа. Дипломат байна гээд юм болгон дээр бөөрөнхийлөөд бай гэсэн үг биш яг язгуур ашиг дээрээ, үнэн юман дээр дуугарч чаддаг л байх нь тэр хүний хамгийн тэргүүн шаардлага. Дипломат хүний нэг л чанар байдаг юм. Худлаа хэлж болдоггүй. Хаалгаа хааж болдоггүй.  

-Бас энд тэнд дайны гал өрдөж болдоггүй гэсэн бичигдээгүй дүрэм байдаг байх. Та бол олон газар хүмүүсийн дургүйг хүргэх шиг болсон. Та харин хариу ямар нэгэн “байлдаан” хийгээгүй.

-Тийм ч биз, үгүй ч биз. (инээв) Хэвлэл мэдээллийн урсгалд “нүдүүлэх”-ээс халшрах юм бол ер нь яах гэж сайдын ажил хийж байгаа юм. Ажил хийж байгаа юм бол хийсэн шиг л хийх ёстой ш дээ.

-Угаасаа мэдэж байсан уу?

-Тийм, мэдэж байсан. Би зарчмаа л барьсан. Ер нь залуу байхаасаа л юман дээр зарчимтай байхыг хичээж төлөвшсөн. Хувь хүн рүү хандсан юман дээр ч хамгийн түрүүн зарчмаа л асуудаг. За, ийм зарчим надад байна. Хэрэв энэ зарчимтай тулах гэж байгаа бол, санал нийлэхгүй байна л гэдэг.

-МАН-ын үед бол сайдууд солигдсон ч чимээгүй залгамжлаад амьдарцгаадаг л даа. Дотор хийгдэж байгаа халаа сэлгээ ч ялангуяа энэ байшингаас нэг их айхтар дуулиан үсэргэдэггүй. Лу.Болдын үед, мөн  тань дээр гээд яриа хөөрөөнүүд гарлаа. Хэн үнэхээр гадаад яамыг мэргэжлийн бус болгоод, хэн илүү олон өөрийнхөө хүнийг авчраад, хэн илүү энэ галыг өрдсөн юм бэ. Өөрт тань бэлдсэн хариулт байгаа болов уу. Учир нь тулалдахаас ч,  энгийн үгээр хэлэхэд өөрийнхнийгөө гомдооно гэхээс айгаагүй учраас?

-Би хүний өөрийнх гэж бодоогүй. Ганцхан зарчим байгаа. Монгол Улсын язгуур эрх ашиг л цаана нь байгаа.  Одоо манай намынхны хүүхдүүд энд тэнд нь ажилд орчихсон юм байна. Тэднийгээ яана, ийнэ гэж би огт бодоогүй. Би өөрөө Гадаад явдлын яам он удаан жил ямархуу байдалд байсныг мэднэ. Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа ч гэсэн ер нь ингэж явбал дээр юм уу, ингэж явбал илүү  юм уу. Бусад орны гадаад яамны бусад бодлогуудыг бас харна. Энэ бол төрийн мэргэжлийн алба, энэ тусгай алба, энэ албыг үндсэн зарчмаар нь л явуулах ёстой гэсэн тангараг өргөсөн.

-АН-ын сайдууд үзэлцэж байна. Лу.Болдын үеийн томилгоонуудыг цуцалж, хугацаанаас нь өмнө дуудаж байна гэх мэт шүүмжлэл олон явсан. Сая би таныг томилогдоход Лу.Болдын чуулган дээр хэлсэн үгийг харлаа. Мэргэжлийн хүн томилогдлоо, сайн ажиллаарай гэхээс өөр үгс унагаагүй байна. Гэтэл өөр яриа бас олон сар явсан?

-Гадаад бодлогод залгамж чанар гэж маш чухал ойлголт бий. Залгамж чанар. Тэгэхээр ямар ч тохиолдолд өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгэдэг юм ерөөсөө байхгүй. Байх ч ёсгүй. Та өөрөө харсан байх. Би нэг ч ярилцлага өгч, ийм тийм юм яриагүй. Хэн хэн дээр нь ийм юм гараагүй. Нөгөө асуудал бол  боловсон хүчний бодлого байгаа юм. Тэрэн дээр  үнэхээр Гадаад яаман дээр зөвхөн Лу.Болд сайдын үед ч биш өмнө нь олон жилийн туршид Гадаад яамыг боловсон хүчний хувьд өвдөг дээр нь сөхрүүлсэн л дээ. Хэн хэн маань л цэгцлэх гэж үзсэн. Ажилласан. Хийх юмаа хийж байгаа. Хариу нь цаг хугацааны явцад харагдах биз.  Боловсон хүчний бодлогод гарсан ужиг өөрчлөлтөөс болоод хамгийн чадалтай залуучууд нь хувийн хэвшил рүү ч юм уу, гадагшаа гараад ч юм уу  явчих жишээтэй. Иймэрхүү байдал бол  байсан. Тэгэхээр энэ мэргэжлийн албыг, энэ төрийн тусгай албыг ямар нэгэн байдлаар буцаж сэргээх шаардлага байна. Энэ дипломатуудад итгэл найдварыг нь авчирч өгөх тийм үүрэг бол миний үүрэг. Яагаад гэвэл би мэргэжлийн дипломатын хувьд асуудлыг нь өөрөө мэднэ. Тийм учраас эргээд зарчим л тогтоосон юм. Тусгай шалгууртай алба шүү дээ. Тэгээд Засгийн газраас тэр үед чинь 15 хувийн цомхотгол хийнэ гэж байсан. Цомхотгол хийгээд тэгсэн. Бас л гадаад харилцааны салбарыг хэлмэгдүүлж л байгаа нэг хэлбэр л дээ. Намайг төгсөөд ирэхэд Гадаад явдлын яам 120 хүнтэй л байсан. Одоо 130 хүнтэй. Гэтэл 1990 онтой харьцуулахад Гадаад харилцаа ямар их өргөжсөн билээ. Хүн хүчний хувьд одоо яах аргагүй харж үзэх шаардлагатай болсон. Дөнгөж ажлаа хүлээж авангуут 15 хувь цомхотго гээд Засгийн газрын даалгавар гарчихдаг. Тэгээд би төрийн нарийн болон Тамгын газрын даргатайгаа ярьсан. За, одоо яаж цомхотгох вэ. Эхлээд зарчмаа тогтоо гэсэн. Тэгэхээр тэд нар бол юу гэсэн гэхээр төрийн албаны шалгалтаа өгөөгүй, тэнцээгүй, шалгалтандаа ороогүй ийм олон хүмүүс байнаа. Энийгээ л чөлөөлөхөөс өөр аргагүй гэж байгаа юм. Тэгвэл тэднийгээ чөлөөл, харин эргээд дахин шалгалт өгөх тийм боломжийг нь гарга гэж. Энэ явдлын дараа над руу "гар" ирсэн. Ирэх нь ойлгомжтой байсан. Хэвлэлийнхэн маань шинэ хуучин сайдын асуудал болгож жаахан фантаазалсан. Түүнээс биш бидний хооронд тийм юм байгаагүй.

-Ер нь бол Элчин сайдуудыг болон ерөнхий консулуудыг хугацаанаас нь өмнө татах асуудал их ховор явагддаг. Ямар тохиолдолд татах зайлшгүй шаардлагатай байдаг юм бэ?

-Олон шалтгаан бий. Дэвшүүлж болно. Дэвшүүлэх гээд дуудаж болно шүү дээ. Ажлын шаардлага хангахгүй бол дуудна. Янз бүрийн л тохиолдлууд байдаг.

-Та бол нутаг орондоо алдартай жолооч айлын хүүхэд. Хувь заяаны тохиолдлоор дипломат албыг сонгож. Дээр үед бол ардын хүүхэд бараг энэ алба руу гишгэдэггүй байсан. Ямбатны яам ч гэнэ, язгууртны яам ч гээд л ярьдаг. Тэр давхаргатай хамгийн эхлээд нүүр тулсан үеийнхэн танай үеийнхэн байх. Ил мэдэгдэхгүй, гэхдээ тулгарч учраа олж байж цаашаа явдаг нэг тийм хөшигнүүд байдаг даа. Тэрийг л хөндөж байгаа юм?

-Ер нь бол Гадаад яамыг шүүмжилдэг л байсан. Цус ойртсон гэх мэтээр. Тэр нь бол бас нэлээн үндэстэй байсан юм шиг. Маш цөөхөн гэр бүлээс Олон улсын харилцааны сургуульд явдаг байсан ч юм уу.  Ялангуяа 1970-аад оны сүүлээр ихээхэн завхарсан түүх байдаг л даа. Нэг айлаас 5-6 хүн ч байж байх шиг. Дан том дарга нарын гэр бүлээс. Тэгээд  1981 онд бил үү, Улс төрийн товчооны тогтоол гарсан. Олон улсын харилцааны сургуульд ажилчин, малчин гаралтай хүүхдүүдээс явуулна аа гээд. Намайг явж байхад энэ тогтоол хэрэгжиж байсан үе л дээ. Тэр тогтоолын буянд жирийн жолоочийн хүүхэд би Москвагийн Олон улсын харилцааны сургуульд явсан байх. Бид нарын үед бол тийм хэцүү хөшиг манан байгаагүй юм шүү. Мэдээж хүний амьдралын зам мөр өөрөөс нь л шалтгаалдаг шүү дээ.  Өөрийнхөө орон зайг өөрөө л тодорхойлно. Би л хөдөө төгссөн гээд нурмайгаад байвал хувь заяа ч гэсэн нурмайгаад байна ш дээ. Анх Олон улсын харилцааны сургуульд явж байхдаа бид 15 залуу хамт явж байсан. Тэр дотор дарга цэргийн ч хүүхэд байсан, генералын ч хүүхэд байсан, хөдөөний малчны ч хүүхэд байсан. Бүгдээрээ л ижилхэн зорилго мөрөөдөлтэй, нэг гараанаас эхэлсэн. Одоо бүгдээрээ л сайхан найзууд.



-Та  ер нь бэрхшээл ярьдаггүй юу. Арай сэтгэлээр ч унадаггүй тийм супер хүн юм  биш биз дээ?

-Амны бэлгээс ашдын бэлгэ гэж нэг үг байдаг. Гэхдээ хүн л юм чинь унах юм гарна шүү дээ. Тэгэхдээ ер нь бол дипломатууд сэтгэлийн хувьд хатуу чанга байх ёстой юм. Хүнийхээ хувьд тогтвортой байх ёстой. Сэтгэл хөдлөлөө барьдаг чадвар маш чухал.  Дээрээс нь маш олон юмыг тэвчиж чаддаг, аливаа үед тэнцвэрээ алддаггүй хүн байх ёстой. Сэтгэл зүйн шинжтэй янз бүрийн өдөөн хатгалга тохиолдоно. Автахгүй, үлддэг чанар чухал.

-Гадаад яамныхныг мэдээлэгчид, хойд яамны туршуулууд гэх нэг яриа олон жилийн турш явж ирсэн. Оюутан байхад нь л элсүүлчихдэг гэх мэт марзан яриа их. Таныг гэхэд Ерөнхийлөгчид очиж мэдээлэл дамжуулдаг, зөөдөг гэх мэтээр хэлэх. Ийм зүйлсэд та ер нь яаж ханддаг юм?

-Би ийм юманд ач холбогдол өгдөггүй. Ер нь бол дипломат хүн хүнээс мэдээлэл салгаж чаддаг байх ёстой. Тэр бол нэг чанар ш дээ. Дипломат арга барилын нэг арга барил ч гэж үзэж болно. Дээрээс нь авсан мэдээллээ зөв анализ хийж чаддаг байх ёстой. Зөв дүгнэлт хийж чаддаг. Энэ бол бас нэг чанар. Нийт өргөн утгаараа бол дипломатууд  аль болох мэдээлэл алдахгүйг бодно ш дээ. Гэхдээ хүнд юу ч ярихгүй, ямар ч мэдээлэл өгөхгүй бол нөгөө талаас мэдээлэл авахад угаасаа явахгүй. Тийм л өгөө аваатай л харилцаа. Тийм учраас яриа хэлэлцээр хийх чанарыг бол эзэмшсэн л байх ёстой юм. Гэхдээ энэ бүхэн дотоод бодлого дээр тийм ч сүртэй хүчин зүйл болж явдаггүй. Маш ойлгомжтой зүйл. Би хувь хүнийхээ үүднээс юу ч гэж хэлүүлэхэд тоодоггүй. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж нэг үг бий дээ. 

-Би дипломатуудыг гайхширдаг шиг та бас сэтгүүлч нарыг гайхширдаг. Тэгээд л олон янзын сэдвүүд рүү орж асууж байгаа юм. Ойлгож байгаа байх гэж бодож байна.

-Л.Пүрэвсүрэнгийн сэтгэлийг хөдөлгөж, аль болох хүссэн зүйлс рүүгээ хөтөлж хариу авахыг оролдож байгааг тань ойлгож байна. (инээв) 

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Элчин сайдуудын үүрэгтэй холбоотой нэг уриалга хэлсэн. Тэр нь шууд утгаараа та нар эх орондоо мөнгө босгож ирэх, хөрөнгө оруулалт татах ажилд хүч тавин зүтгэ гэсэн.  Зарим дипломатууд энэ буруу мессеж гэж хэлж байна билээ ?

-Энэ бол зүй ёсны шаардлага гэж би харж байгаа. Яагаад гэвэл дипломат алба гэдэг доторх салшгүй нэг хэсэг нь эдийн засгийн дипломатын бодлого. Бид нар хорь гаруй жил гуйлга гуйгаад явлаа ш дээ. Тусламж эрээд л. 

-Дээд доодгүй л явсан л даа.

-Тийм. Дээд доодгүй л явж байгаа. Харин одоо бол гуйлга гуйж явдаг цаг бишээ. Одоо бол бид нар бол нөгөө хүн амын орлого ч дээшилчихлээ. НҮБ-ынхаа жагсаалтаар бол ядуу орныхоо жагсаалтаас гараад дундаж орлоготой орон руу шилжчихлээ. Тэгэхээр одоо бол бид харилцан ашигтай наймаа хийе ээ л гэдэг санал тавина. Бид нарт ийм ийм боломж байна. Хөрөнгө оруулалтын ийм орчин боломж байна гэж ярина. Одоо иймэрхүү мэссэжийг илүү өгөх ёстой. 

-Сайдаа, бас нэг манай Монголыг унтраадаг овлигогүй үйлдэл байх юм. Хөршүүдээ янз бүрээр хэлдэг. С.Баярцогт гишүүний гарал үүслийг тодорхойлно гээд л Хятадын Элчин сайдын яаманд хандаж байх жишээтэй. Ийм ичмээр явдлуудыг яаж зогсоох вэ?

-Олгой хагаравч дотроо гэдэг шүү дээ. Гадаад харилцаан дээр бол улстөржсөн хандлага ерөөсөө шургуулж болохгүй. Бид гадагшаа нэг нүүртэй.  Бидний энэ болчимгүй үйлдэлд тэр гаднын орны Элчин сайдын яам хариулах ч үгүй. Ойлгомжтой. Шившиг л байхгүй юу.  Нэгдсэн зохицуулалтгүй юман дээр бол бид нар өөрсдийгөө л хүнд байдалд оруулж байна гэсэн үг. Ялангуяа хоёр хөршийн бодлого дээр энэ маш их зөрчигдсөн байдаг. Хамгийн түрүүнд гадаад нэгдсэн зохицуулалтын бодлого хэрэгтэй. Энүүгээр бид нар нэлээн ахиц гаргахыг зорьсон. Ямар ч байсан тодорхой ахиц гаргаж авсан. Одоо Гадаад харилцааны хуулиа батлаад авбал гадаад харилцааны чиглэл дээр гаргаж байгаа маш том дэвшил болох юм.

-Та төмөр замтай холбоотой нэг асуудал дээр яг юу хийчихсэн бэ. Таныг нэлээн баалах шиг болсон. Тэр алдаа байсан уу. Эсвэл үл ойлголцол юм уу. Улс төр байсан юм уу?

-Улстөржүүлсэн. Би бодит байдлыг нь Ерөнхий сайдад хандаж бичиж байгаа юм шүү дээ. Амаар Ерөнхий сайд дээр тэр нөхрийг нь дуудаад хүртэл зөвлөгөөн хийсэн шүү дээ. Тэр хүн нь өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Би бол ингээд хэлчихсэн юм аа гээд. Хэний даалгавраар, хэний зөвшөөрлөөр ингэж тавьсан бэ гэхээр хариулт байхгүй. Өөрөө би тэгсэн л гэдэг. Би  кабинетын зарчмаар ажиллах үүрэгтэй хүний хувьд анхааруулсан.  Монгол төрийн бодлого нэг амаар, нэг бодлогоор явах ёстой. Ийм л юм болсон. Шанд нь намайг баахан цахим мэдээллээр “нүдсэн”. Үнэн хэрэгтээ бол төмөр замын даргаа дариу солих шаардлага байгаа шүү дээ.

 -Та Говь-Алтай аймгийн хүн. Таныг Говь-Алтайд нэр дэвших байх гэж улс төрийн ажиглагчид бичиж байсан. Энэ асуудал ер нь юу болсон бэ?

-Манай Говь-Алтай маш том газар нутагтай аймаг. Өмнөговь аймгийн дараа орох байх. Бараг 60 гаруй мянган хүнтэй. Уг нь хоёр тойрогтой байсан. Одоо нэг тойрогтой ч болчихлоо. Би бол шаардлагатай гэвэл дэвшихэд бэлэн байна гэдэг байр сууриа илэрхийлсэн байсан. Нэгэнт улс төрийн албан тушаал хашаад явж байгаа тохиолдолд нутгаасаа сонгогдоод юм хийчихвэл хийчихье гэсэн хүсэл зориг байсан л даа. Гэвч АСЕМ гэж улс орны нэр нүүртэй холбоотой нүсэр ажил өмнө минь байна. Энэ ажилд салаа бодолгүй зүтгэх нь Монгол төрийн өмнө миний хүлээж буй үүрэг юм даа.

 -Таны аавыг танай нутгийнхан анддаггүй юм билээ. Та эцэг эхээс олуулаа юу?

-Би эцэг эхээс зургуулаа. Нэг ахтай. Дөрвөн эмэгтэй дүү байна. Ээж маань байна даа. Ер нь бол Говь-Алтайгаас эхлээд Өвөрхангай, Баянхонгорын урд талын сумуудаас эхлээд хижээлдүү хүмүүс нь манай аавын тухай үлгэр домог шиг юм одоо хүртэл ярьдаг. Гүйлгээ ухаантай, сэргэлэн хүн байсан. Тэр үед бол машин тэрэг ч цөөхөн явдаг. Одоогийнх шиг утас байхгүй, Улаанбаатарт байгаа садан төрөлтэйгөө холбоо барихад бол тээврийн жолооч л гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд нэг сайн чанар нь бол цаг сайн барьдаг хүн байсан. Зарим хүмүүс намайг тохирсноо жаахан хоцорвол чи германчуудтай ажиллаж байсан учраас цаг сайн барьдаг уу гээд хэлж байдаг юм. Энэ манай аавын чанар байх гэж боддог. Манай аав бол Баянхонгор Өвөрхангайн урдуур явж байгаад за, би тэдэн сарын тэдний өдөр ирнээ. Хүүхдэдээ юм өгч явуулах юм байвал бэлдэж байгаарай гэж хэлээд, яг л тэр цагтаа л ирдэг гэж байгаа юм. Хүнд юм амласан бол заавал тэрийгээ хийдэг. Тиймэрхүү чанар бол аавын чанар юм шиг байгаа юм. Говь-Алтайн ахмад настнууд нь бол бүгдээрээ манай аавыг мэддэг юм.

-Ер нь та хэр итгэдэг юм бэ. Дипломат алба чинь бас итгэлд нэг жаахан хагасалж харилцдаг алба ч юм шиг харагддаг. Таныг хүнд итгэхдээ жаахан тааруу хүн байх гэж анх харж байж билээ.

-Мэргэжлийн ойлголтуудыг хүн чанар амьдрал хоёроос наанатай цаанатай ялгаж салгах ёстой. Би хүний итгэл алдахгүйг л боддог. Нэг итгэсэн бол тэр итгэлээ аваад явах ийм хэмжээний найз нөхөд явдаг.  Түүнээс биш хүн болгонд итгээд явна гэж хаа байхав дээ.

-Итгэл үнэтэй учраас уу?

-Тийм. Үнэтэй учраас. Тийм учраас надад хязгааргүй олон найз байхгүй. Үнэхээр гарын арван хуруунд багтахаар хэдэн сайхан найз бол байгаа. Тэрнээс илүү олон итгэл салбарлуулж, олон хүнд итгээд явна гэвэл хэн ч биш болно шүү дээ.

-Таны гэргий ямар мэргэжилтэй хүн бэ?

-Миний хань нэхмэлийн технологийн мэргэжилтэй.

-Гадаадад суралцаж байхдаа танилцацгаасан уу?

-Москвад л хамт төгссөн, үеийн л оюутнууд л даа.

-Москва, Берлин хоёрын аль нь таны хайртай хот вэ?

-Аль аль нь. Москва бол залуу цагт байсан болохоор илүү сэтгэлд үлдсэн. Оюутан байх үеийн л хамгийн жаргалтай мөчүүд тэр хотод шингэсэн. Дараа нь бол би Берлинд бол сурч байсан. Дараа нь Боннд. Бонн гэдэг бол өөрөө маш жижигхэн хот. Маш жижигхэн, тийм нэг чимээгүй. Тэгээд тансаг.

-Та одоо эзэмшсэн хэлнийхээ алийг нь илүү хэрэглэж байна?

-Англи хэлийг илүү хэрэглэж байна. Европынхонтой уулзахаар герман хэлээ хэрэглэнэ. За, оросуудтай орос хэлээр ярьдаг. Нэг сул тал маань Азийн нэг ч хэл байдаггүй.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив