Уянгаа
2016 оны 6 сарын 21 [Уншсан тоо: 169295]


Ээлжит сонгууль болж, яах ийхийн зуургүй улайсна гэдэг төвшиндөө нэгэнт хүрч очжээ. Эрчүүдийн ширүүн зодоон дунд хэдэн эмэгтэй л хайр найргүй нүдүүлж үзэгдэнэ. Тэдэн дотроос хамгийн их дайралт, хавчилтан дунд манай Уянгаа цуцашгүй “байлдаж” явна. Тэр бол манай салбараас төрсөн улстөрч юм. Тийм болохоор бид Уянгаадаа элгэмсүү.

Сэтгүүлчийн хувьд тэр өөрийн карьераа гялалзтал бүтээж чадсан авьяаслаг нэгэн. Телевизийн салбарт мэргэжлийн нэр хүндээ дархлаад зогсохгүй сонинд ч тодхон мөрөө сийлсэн хүн. Сэтгүүлчдийн дунд ийм хос жигүүртэй сэтгүүлч элбэг биш л дээ. Тийм болохоор би Уянгаад хүндэтгэлтэй ханддаг.

Г.Уянга мэргэжлийн ажлаараа дамжиж улс төрд хөл тавьсан хүн. Бусад салбарынхан шиг тусгай энкубаторт торниж, татуулж, крандуулж гарч ирээгүй. Зарим эмэгтэй улстөрчид шиг аль нэг лидерийн аягач шиг явж, өөрөөр хэлбэл хүйсээрээ түрий барьсан нялхамсуу замналаар яваагүй хүн.

Угаасаа сөрөх, тэмцэх, хатуужих чанаруудыг сэтгүүл зүйн салбар өөрөө олгодог. Уянгаагийн сөрдөг, тэмцдэг тэнхээ бол баргийн сул эрчүүдийн хүсээд ч өөртөө бий болгох боломжгүй том чанар юм. Тийм болохоор би түүний өнөөдрийг гайхдаггүй.

Надад янз бүрийн насны “найз” нар олон. Тэдний нэг нь БНМАУ-ын үеийн төрийн зүтгэлтнүүдийн нэг алдарт Паавангийн Дамдин юм. Олноо заазуур хэмээн алдаршсан, хурц, эрэмгий энэ ноёнтон Гантөмөрийн Уянгад зориулж “ Уянга бол Манан дундаас тод харагдаж буй ард түмний итгэл найдварын цор ганц гэрэл. Түүнийг сонгосноороо Чингэлтэйчүүд Монголын улс төрийн шинэчлэлд том хувь нэмэр оруулсан” гэж хэлсэн юм. Ер нь түүнд төрийн ахмад зүтгэлтнүүд ам сайтай байдаг. Энэ нь түүний төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэдэг, ахмад төр-нийгмийн зүтгэлтнүүдтэй ойр байж, тэдний зөвлөгөөг авдаг, сонсдогийнх нь илрэл биз.

Уянгын тэмцлийг зарим нь ойлгодоггүй, бас зарим нь ойлгосон ч мушгидаг, нөгөө хэсэг нь ойлгохыг огт хүсдэггүй нь анзаарагддаг. Түүнийг гадаад дотоодын хөрөнгө оруулалтуудыг тас эсэргүүцдэг муйхар хүн гэж дайрдаг. Уг нь тэр гадаадынхныг хэт тахин шүтэхгүйгээр Монголын эрх ашгийг үнэ цэнэжүүлэхийн төлөө тэмцдэг. Гацаагч зогсоогч гэдэг боловч үнэндээ Гантөмөрийн Уянга эрх баригчдын идэж уусныг илчилдэг, идэж уухыг зогсоох гэж мятрашгүй тэмцдэг. Өнгөрсөн дөрвөн жилд тэр эцэж цуцахгүй тэмцсэн. МАН хүртэл түүнийг дагаж ЗГ-ийг огцруулах асуудалд нэгдсэн нь одоогоор арай мартагдаагүй байгаа баримт гэж бодох юм. Нэг гишүүн дангаараа ЗГ-ийг огцруулах асуудлыг өргөн барихад хангалттай тооны гарын үсэг цуглуулж байсан түүх ер нь байхгүй шүү дээ. Ийм л юм.

Г.Уянгыг популист гэдэг боловч үнэндээ тэр ард түмний талд дуугардаг. Харин популист гэж байгаа нөхөд нь өөрсдөө ард түмнээсээ тасарч, тэдний аж амьдралыг мэдэхээ байтал биднээс холдчихсон л нөхдүүд шүү дээ.

Ганц эмэгтэйтэй өнөөдөр намууд хүч тавин тэмцэж байгаа харагдах юм. Адилхан нэртэй хүн тойрог дээр нь дэвшүүлж, ард түмнийг төөрөлдүүлэхийг оролдож байгааг л хараад ичмээр бодогдох. Г.Уянгын саналыг хуваах ажлыг эрх баригчид Залуучуудын холбоотой хамтран хийж байгаа нь энэ юм билээ л дээ. Энэ бол өс хонзонгоо сонгуулийн үеэр авах гэсэн явуургүй ажил гэж би хувьдаа харж байна.
Г.Уянга гишүүний хэлсэн үгс өөрийн эрхгүй анхаарал татдаг. Тэр эмэгтэйн цангинасан дуу хоолойгүйгээр өнгөрсөн парламентыг төсөөлөх аргагүй. Тоотой хэдхэн улстөрчийн чимээ л энэ хэцүү үед түмний чихэнд хүрч байлаа.

Тэр өгсөж “байлдах”-аас хулчийдаггүй. Алдчих өмч хөрөнгө, баллуулчих бизнес түүнд байхгүй. Тэр өмч хөрөнгөө хамгаалж тэнд суугаа үхээнц амьтдын нэг биш учраас. Жишээ нь, чуулганаар шинэ Ерөнхий сайд батлагдаж байхад бүгд болгоомжтой байдалд шилждэг. Батлагдаж хаалгаар гараад л өрөөндөө дуудаж Төрийн том “эрх дарх”-аар харьцах учраас бүгд ийм үед гөлөгнөдөг л юм. Харин Г.Уянга юу хэлж байлаа.


Гантөмөрийн Уянга: Санаатай санамсаргүй нь бүү мэд, манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн, хэрвээ Ч.Сайханбилэг та Ерөнхий сайд болбол бүгд АНУ-д төгссөн, неолиберал суртлаар цэнэглэгдсэн, түүнийгээ Монголд дэлгэрүүлдэг, ийм л хүмүүс болох гэж байна. Энэ зөв юм болов уу ? Би хувьдаа ихээхэн эргэлзэж байна. Тийм учраас би Таныг дэмжихгүй байна...гэж хэлж чадсан.

Гантөмөрийн Уянга: Эдийн засгийн хүндрэл өнөөдөр Монгол төрийн тулгамдсан асуудал болж байна. “Яаж гарах вэ?” гэдгийг бид ярьж байна. Гэхдээ ямар арга замаар гарах вэ? гэдэг бол түүнээс дутуугүй чухал. Одоо та нар ахиад зээл авах нь. “Биднийг эрх барьж байх хугацаанд л баларчихгүй бол цаашдаа яах нь хамаагүй ээ” гэсэн зарчмаар зээл авахыг л чухалчилж байгаад би их санаа зовж байна. Хэн нэгний компанийг, аль нэг улс төрийн хүчнийг хүндрэлээс аварч үлдэхийн тулд улсаараа дэнчин тавьж үлдээж болохгүй шүү дээ... Тэр бас ингэж хэлж чадсан. Өнөөдрийн сонгуулиар бидний хамгийн их орилж, шимширч байгаа асуудал маргаашнаас эхэлж төлөх Өр. Тэгвэл тэр түмнийг төлөөлж байгаа гишүүнийхээ хувьд энэ асуудлыг үргэлж анхааруулж, хориглож ирсэн.

Миний мэдэхийн Ноён уулын төлөө тэр ноёд болчихсон түшмэдүүдтэй навсайтлаа л үзэлцсэн.

Гантөмөрийн Уянга: Хятад, Монгол хоёр зэрэг шахуу нэгдсэн төр улс байгуулсан. Хятадын Сиан дахь түүхэн дурсгалтай цаг хугацааны хувьд ч, түүхэн үнэ цэнийн хувьд ч дүйцэх үнэт зүйлс Монголын Ноён ууланд байна шүү дээ, Та минь ээ. Бид нар алтны төсөл биш аялал жуулчлалын төсөл боловсруулж болно оо, Ерөнхий сайд аа! Энэ бол маш том буян болно, маш том төсөл болно. Сианы анхны баримал олдоход Хятад одоогийнх шиг байгаагүй өлсгөлөнд нэрвэгдсэн, хүнд амаргүй байсан үе. Гэсэн ч Хятадууд түүнийгээ ухаж, аялал жуулчлал татсаар байгаад одоо Бээжингээс том нисэх буудалтай хоттой болж, Цагаан хэрэмнээс илүү тэрийг үзэх гэж гадны жуулчид цувардаг ийм том бүтээн байгуулалт хийсэн байна. 2008 оноос энийгээ дэлхийн 9 дэх гайхамшиг гэж бүртгүүлж байгаа юм байна. Гэтэл Хятадын Сианых бол зүгээр л баримал шүү дээ. Ноён уулын тэр Хүннүгийн шарил бодит юм байхгүй юу! Бодит бунхан, бодит эд хэрэгслүүд... Үнэ цэнийг Сианыхтай зүйрлэшгүй, Цинши хуандийн бунханг эс тооцвол. Бид яагаад энэ юмаа сүйтгэх ёстой юм бэ? Бүгдээрээ энэ алтны төслөө хойш нь тавиад аялал жуулчлалын төслийг олон улсад Ноён ууландаа зарлавал яасан юм бэ? Ер нь бид нар олон уул, олон түүхэн газрыг хамгаалах шаардлага үүснэ шүү. Монголчууд Хүннү, Сяньби,Түрэг, Кидан гээд л ярьдаг, энэ том гүрнүүдийн түүх Монголын түүх мөн юм бол бүр олон түүх олон дурсгалыг хамгаалах шаардлага үүснэ шүү дээ. Ганцхан Ноён уулыг өршөөгөөд та нар бусдыг нь ух. Үнэхээр хэцүүдээд эдийн засгаа үр ашигтай авч явж чадахгүй байгаа бол бусдыг нь ух, та нар...Энэ бол түүний 2015.12.24-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг. Санах нь санаж л байх учиртай үг.

Авилгын тухай яриа сүүлийн жилүүдэд бараг сонсогдоогүй дээ. Мэдээж Төрийн хоймроос. Бүгд сүлэлдэн найрссан. Сөрөг хүчнийхээ үгийг ч сонсохоо байсан. Тэгвэл тэр орхиогүй.

Гантөмөрийн Уянга: Авлигатай тэмцэх газар байгуулаад, хууль батлаад бид авлигыг багасгаж чадсан уу? Харин ч аргыг нь улам нарийсгасан. Авлига гэгч барьж болдоггүй хоосон эд биш, авлигачин гэгч бодитой хүн бий. Тэр эзэн биетэй л хатуу ярих ёстой. Авлигатай тэмцэнэ гэдэг авлигачинтай тэмцэнэ л гэсэн үг. Тиймээс яг тэр авилгачдыг олж тэмцэх нь л асуудлын гол нь болчихоод байна.
 
...Авлига бол зөвхөн мөнгөний асуудал биш. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж үйлдэл, эс үйлдлээрээ бусдад болон өөртөө давуу бололцоо олж авахыг хэлдэг. Яг энэ утгаар бол энэ парламент өөрөө тэр чигтээ авлигад автчихсан. Лоббигоор хууль гаргадаг, хүний кноп дардаг бол авлигын нэг хэлбэр....Тэр ингэж цангинуулсаар л байсан.

Гантөмөрийн Уянга: Гэр хороолол ч гэсэн улам бүр амьдрал нь хүндэрч байна. Ерөнхий сайд аа, Та бол гэр хорооллын хүмүүсийн амьдралыг мэддэггүй ийм хүмүүсийн нэг. Өнөөдөр гэр хорооллын иргэд төртэйгөө хамгийн түрүүнд очоод хороон дээрээ тулдаг. Тэнд бол төр хороо. Тэнд хороон дарга ямар ч эрх мэдэл байхгүй. Бараг л гурван сард авдаг нэг боодол бичгийн цааснаас өөр эрх мэдэлгүй. Ямар ч иргэний асуудлыг шийдэж чадахгүй. Харин тэнд иргэдийн чинь асуудлыг “Адра”, “Дэлхийн зөн”, “Христийн сүм” шийдэж байгаа. Өнөөдөр 600 буддын сүм байхад 7000 гаруй христийн янз бүрийн урсгалын сүмүүд байгаа. Өдөр болгон нэг хүн амиа хорлож байна, Монголд. Бид нар ийм нийгэмд байгуулчихсан шүү, бид ч гэж Та нар. Тэгэхээр одоо энийгээ бүгдээрээ янзалж, цэгцэлж, “Үндсэн хууль” руугаа орохгүй бол болохгүй ээ... Тэр эмзэг хийгээд орхигдож буй газар болгоны зүг хараа бэлчээсэн санагддаг. Тэрийгээ судалгаагаар баримтжуулан Төрийн чихэнд тасралтгүй хашгирч байсан. Тэр гараа эвхэж, амаа хумхиулж суугаагүй.

Гантөмөрийн Уянга: Одоо зовлонтойгоо зоригтой нүүр тулъя, бултах арга байхгүй. Өнөөдөр уншсан номноосоо биш, харсан үзсэн зугаалсан орноосоо биш, бодит амьдралаасаа, туулсан замаасаа, түүхээсээ гарцаа хайж, бусдын туршлагаар баяжуулж Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсон.....Тэр ингэж л хэлдэг. Түүний хүсэл мөрөөдөл бол бидний л хүсэл мөрөөдөл. Бүх Монголчуудын л хүсэл мөрөөдөл байгаа биз. Үгүй гэж хэн хэлэх юм бэ.

Манай Уянгыг ааш авир хурц, яахаас ч буцахгүй хүн шиг зарим нь хэлж ярьж, гутаах гэж оролдож л байна. Хувь хүнийхээ хувьд тэр гэрэл гэгээтэй, олон жил хамт явсан хүмүүстэйгээ нэг л зангаараа зовлон жаргал, баяр гунигийг нь хуваалцаад л явж байдаг. Цагийн саалтанд хэн ч хэмхэрч болно. Гэхдээ Уянгаадаа бид итгэдэг, бас мэддэг билээ.

Тэр бусад шиг томчуудын нөмөрт гэтэж гарч ирсэн наалинхай бүсгүй биш. Цагаан сүүгээ гоожуулаад тэмцэж явсан Уянга шүү дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив