Ц.Сандуй зүгээр л Тэр гээд заачихаач...
2016 оны 6 сарын 26 [Уншсан тоо: 63595]

Уг нь уураа гарахаар бичиж байгаарай гэсэн Ц.Балдорж эрхлэгчийн үг байдаг юм. Айхтар үг л дээ.

Бас хүн таниж сурах, олон талаас түншиж, туршиж дотоод хүнийг нь олж харах хамгийн чухал. Тэгж олж таньсан хүмүүсээ цаг үеийн шуурганаас хамгаалж сурах сэтгүүлчийн ч хувьд, хүний чинь ч хувьд чухал зүйл шүү гэж Ж.Мягмарсүрэн эрхлэгч хэлж байсан юм. Миний хувьд зарчмаа болгосон сургааль л даа.

Өнөөдөр энэ сургаалийн эхнийг нь биелүүлж чадсангүй, арга буюу үзгээ шүүрэв. Би энэ улсын янз бүрийн давхаргын, тодруулбал траншейныхнаас авахуулаад төр засгийн эрхмүүд, малчин тариаланч гээд бүхий л давхаргынхантай уулзаж ярилцаж явдаг сэтгүүлч хүн. Тэр жамаараа л ажлаа хийж яваад сүүлийн хэдэн өдөр “нийгмийн дайсан”-аар тодрон ад үзэгдэж буй Ц.Сандуйтай танилцсан. Эргэн санахад түүнтэй хийж байсан нэг ярилцлагын маань өмнөтгөл үг их зэвүүн бичигдсэн байдаг юм.

“Хамгийн шинэ содон зочин уулзуулдаг заншлаараа энэ удаа ч бас улс төрийн хүрээнийхний хамгийн их сонирхож байгаа нэгэн эрхмийг уулзуулж байна. Тэр бол Нийслэлийн МАН-ын даргаар томилогдоод удаагүй байгаа ноён Ц.Сандуй юм. Бидний таньж ядан буй, сонирхож сонжин, итгэж бас үл итгэн байгаа энэ залуугийн яриа уншигч танд таалагдана хэмээн найднам” гэж...Итгэж, бас үл итгэн байгаа гэх энэ үгс тухайн үед гомдмоор л үг байсан байх.

Ц.Сандуйг өнөөдөр харааж зүхэж, харлуулж буруутгаж буй хүмүүсийн хэд нь яг мэдэх бол, хэд нь шар хэвлэлийн хариуцлагагүй хардлага сэрдлэг дээр суурилсан ойлголттой байгаа бол. Үнэндээ хэд нь түүний намтар түүхийг мэдэх бол, хэд нь халуун гараа атгалцаж, харц тулж, үзэл бодлыг нь мэдэрч явсан бол. Ерөөс сүүлийн үед манай нийгмийн гоо зүйг хэмхэлж буй нэг үзэгдэл бол мэдэхгүй хүмүүсээ хов жив, шар мэдээлэл дээр суурилж харааж зүхэх, үзэн ядах үзэгдэл болоод байна. Энэ их үзэн ядалтын бараг дийлэнх нь дам мэдээлэл, баттай биш эх сурвалж дээр суурилж байгаа нь нууц биш. Энэ хариуцлагагүй байдлаасаа болж бид хамгийн эмх замбараагүй, хамгийн зарчимгүй, хамгийн савалгаатай ард түмэн болж хувираад байна.

Сандуйн аав Цэндсүрэн гуайг би эртнээс мэдэх юм. Манай Л.Энэбиш даргын анд, хамтран зүтгэгч нь байлаа. Хотын намын хорооны намын хянан шалгах комиссын дарга байсан. Хотын орлогч дарга байсан, сүүлд МАН-ын ахмадын хорооны даргаар ажиллаж байсан хүн л дээ. Ээж нь ч бас хотын захиргаанд 20 жил ажиллаад гавьяаны амралтандаа суусан хүн байдаг. Энэ үүднээсээ Ц.Сандуй яах аргагүй л удам дамжсан хотын зүтгэлтэн юм.

Ц.Сандуй бид нэг оны, нэг төгсөлтийн хүүхдүүд. 1988 онд тэр дунд сургуулиа төгсөөд Москвагийн Эдийн засаг, статистикийн дээд сургуульд элсэн орж байсан түүхтэй.

Энэ сургуулийн хувьд манайд олон том сэхээтнүүдийг бэлтгэж өгсөн, алдартай сургууль. Нэрлэвэл, П.Жасрай гуай төгссөн байдаг юм. Д.Бямбасүрэн гуай төгссөн байдаг. Дунд үеийнхнээс гэвэл Н.Батбаяр, Г.Үнэнбат, Ц.Баярсайхан нар төгссөн юм билээ. Ц.Сандуйг өнөөдрийн боорлогчид элдвээр л хэлж байна. Хотод анх хөл тавихдаа тэр М.Энхболдын үед биш, талийгаач Ж.Наранцацралт агсныг хотын дарга байхад ажилд орсон байдаг юм.

Москвад төгсөөд ирсэн шижигнэсэн залуу нэг өдөр л хотын даргатай очиж уулзсан түүхтэй. Ж.Наранцацралт агсан намчирхдаггүй, нийтэч, залууст итгэдэг, тэдэнд боломжийг маш гярхай мэдэрч олгодог удирдагч байсан. Тэдний яриа түүнд онцгой сэтгэгдэл төрүүлж, Ц.Сандуйг шууд л газрын албанд томилсон гэдэг. Ингээд ажиллаж эхэлсэн. Газрын тухай ойлголт муутай, бүх ажил дөнгөж л цаасан дээр эхэлж байсан үе ч давхцаж тэр шамдан орсон.

Газрын тухай хууль батлагдаж, анхны газрын бүртгэлийн ажлууд хийгдэж, газрын түрээсийн төлбөр гэх мэт цоо шинэ асуудлууд гарч ирж.

Түүнийгээ иргэдэд тайлбарлан таниулахаас эхлээд асар олон үе шаттай ажлуудыг хийж эхэлсэн. Энэ үеийнхээ тухай тэрбээр “Дөнгөж төгсөөд ирсэн болохоор мэргэжилтнээр ажиллалаа. Үнэндээ би газрын албаны дарга болно гэж ерөөсөө бодоогүй байсан. Ерөнхийдөө ажлаа сайн хийе, эхлээд аавынхаа хэмжээнд хүртэл ажиллая гэсэн бодол байгаагүй биш байсан. Би энийг нуухгүй. Миний аав хотын орлогч дарга байсан юм чинь ямар ч гэсэн аавынхаа хэмжээнд хүрнэ, ямар ч гэсэн хотын орлогч дарга болно гэсэн тийм нэг мөрөөдөл хүүхдэд байна ш дээ. Тийм бахархлаар л би энэ хоттой амьдралаа холбосон юм” хэмээн дурсаж байв. Гайхах түүх биш. Хүнд эцгээс нь тод, том идеал байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Би сайн хэлж мэдэхгүй байна. Юутай ч мөрөөдөлдөө хөтлөгдөн хотод хөл тавьсан нь түүнийг эцэс төгсгөлгүй хардалтаар булж байдаг хэцүү газар уячихсан. Тэр уяа нь төрийн хэцүү алба байсан. Газартай харилцах туршлага ч байхгүй, газар гэдгээ мэдрээ ч үгүй ийм л эхлэл дээр хуулиас нь авахуулаад харилцааг нь тогттол зүтгэсэн. Харин сурталчилгаа буюу бусдад юу хийх гээд байгаагаа, юу хийж байгаагаа таниулж сурталдаж чадаагүй. Тэр үед төрийн албыг сурталчлах элдэв загвар ч гараагүй байсан үе шүү дээ. Товчхондоо ийм л юм.

Улс төрд хөл тавьсан нь одоогоос 16 жилийн өмнө МАН-ын гишүүнээр элссэнээс нь эхэлсэн биз. Тэр үедээ жирийн гишүүн, одоо бол олон арван мянган гишүүнтэй нийслэлийн намын дарга. Нийслэлийн намын хороон дарга бол том карьер. Том өрсөлдөөн давж очдог, дандаа томчууд тэр орон зайг дамжиж дээшээ гарч ирсэн байдаг. Ийм л орон зай.

Гэхдээ Ц.Сандуй ядруу үеийн ядуу намын хороог авсан дарга. Нийслэлийн намынх нь 90 жилийн ой болох гээд тэр жилийг Ц.Сандуй Намын анхан шатны байгууллагыг дэмжих жил гэж зарлаж, гишүүдээ дуудаж, намаа сэргээх гэж, амьдралыг нь хөдөлгөх гэж чардайтлаа л зүтгэсэн. Мэдэх юм даа. Хүний нэг муухай нь намыг ялж, бадарч байх үед их шавдаг, доройтон буурсан үед нь амжиргаагаа хөөгөөд л алга болчихдог зан байдаг. Манайд бол түгээмэл үзэгдэл. Энэ муухайг Ц.Сандуй дарга бие сэтгэлээрээ үзэж туулсан даа. Тэглээ гээд гадагшаа олон юм тэр дугараагүй.

Түүнд би янз бүрийн үед элдэв асуулт тавьж явлаа. Нэг сонин асуулт хариултыг уншигч танд сонирхуулъя.

-Би танд нэг үг хэлье. Ер нь бол улс төрд нөхдөө их бодож явсан, чирч явсан лидер их зовлон туулдаг. Энэ амьдралыг жишээ нь, танай намын даргын амьдралаас их мэдэрдэг юм. Ер нь дээшээ мацна гэдэг нөхдөө орхиж явахыг л хэлдэг юм шүү дээ гэвэл та юу гэж хариулах вэ?


-Үгүй гэж хэлмээр байна. Би улс төрийг багийн тоглолт гэж хардаг. Яахав ээ, ганцаарчилсан улс төр бол богино хугацаанд амжилт олно. Олчихсон юм шиг ч харагдана. Миний яриад байгаа холын зайнд харах юм бол алдаа болчихсон л байна. Богинохон хугацаанд огцом дүрэлзэн асаад унтрах. Төөнөөд л дулаан оргиод явж байх бол өөр ойлголт.

-Тийм ч биз, үгүй ч биз. Үнэндээ лидер хүн ганцхан өөрийгөө боддог юм шүү дээ. Хэчнээн олон хүний мөрөн дээр гишгэж гарч ирэх хамаагүй. Зөвхөн өөрийгөө л боддог хатуу тоглогч л лидер болдог.

-Би харин үүнтэй ерөөсөө эвлэрч өгөхгүй байна.

-Тийм лидер л хамгийн өндөрт гардаг. Нөхдөө боддог, чирдэг, өвддөг хүн бол хамгийн их зовдог. Хамгийн их шархаддаг.

-Тийм байх аа. Тэрийг бас би үгүйсгэхгүй. Түрүүчээс нь амсаж л байна.

Ойрын өдрүүдэд Ц.Сандуй болон намын дарга бас бусад хүмүүсийн хооронд болсон санхүүжилт босгох аргачлалууд тойрсон нэгэн бичлэг цацагдаад байна. Ер нь л өдөр болгон ор хөнжлийнхөөс авахуулаад есөн жорын эвлүүлэг цацагдаж, сонгогчдын санаа сэтгэлд нөлөөлөх ородлогууд хийгдэж байна л даа. Нам сөрөг хүчин байх үед амьдрал ахуйгаа авч явах гэж янз бүрийн л арга саам хэлцдэг байх. Эрх барьж байх үед ч ялгаагүй. Ганц үнэн нь гэвэл энэ асуудал дээр сонгодог гарцаа намууд олоогүй байна. Олоогүй байгаа учраас зарим нь нэр дэвшигчдээс өндөр хэмжээний хандив татаас ч авч л байна. Хувийн хэвшлээс ч гуйж түүж байна. Намын гишүүн бизнесменүүдээ бол нурууг нь аваад дууссан. Гарцаа олоогүй намууд шинэ “идей”-ний эрэлд хатаж байна.

Энэ удаагийн бичлэгт анхны цацагдсан хувилбараас харахад олон хүн байжээ. АН-ын стратеги хариуцдаг нэг нөхөр ч ярилцаж байгаа сонсогдсон. Шийдэл хайсан ийм ярилцлагууд дэлхий дүүрэн л өрнөж байдаг. Жишээ нь төрийн эргэлт гарчих гэсэн эмзэг үед зарим нь зэвсэгт мөргөлдөөн хийе, шууд буудъя, тохирцоё гэх мэт аймаар хурц саналууд ч гардаг. Мэдээж шүү дээ, санал хэлэлцэх төвшин юм чинь. Гишүүд төрөл бүрийн саналаа л гаргаж тавина шүү дээ. Гол нь шийдвэрлэх төвшин биш. Намын удирдах зөвлөлийн хурал ч биш. Энд ямар ч шийдвэр алга. Шийдвэр болоогүй зүйл дээр ийм их хөөрцөглөөн үүсгэж буй нь сонгууль болж буйтай л шууд холбоотой. Энэ бол нэг талаас нь харж буй миний өнцөг. Нөгөө талаас баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол мань Ц.Сандуйг дэргэдээс нь хүний өөрийн аль нэг нь “хутгалсан” бололтой. Тэр нөхдүүдээ ч олсон аж. Гэвч тэр өдий олон жил газрын наймаачин гэж чичлүүлэхдээ “Тэр л авсан шүү дээ” гэж хэнийг ч заагаагүй шигээ өнөөдөр ч бас гүрийн тэсч байна. Хүн чанар нь, хүмүүжил төлөвшил нь зулгаан зовоож буй бололтой. Уг нь тэр нөхөд тэр олон цагийн бичлэгийг хувааж хайчилж, эвлүүлж үймүүлсэн, хоёр намын дундаас ашиг олж сурсан үйлдлээ хүлээчих нь шударга явдал болно. Монголын улс төрд ч хэрэгтэй. Ийм л юм болж байгаа юм билээ.
 
Энэ удаагийн сонгуульд хөндлөнгийн үймүүлэгчид нэлээд хор хутгаж байна. Энэ нь нэг талаас мэргэшсэн үйл ажиллагаа давамгайлж, мэргэжлийн ажиллагаа доройтсоны илрэл. Сэтгүүл зүй хийгээд намуудын олон нийттэй харилцах салбарынхан “идеал”-аа бүр мөсөн алдаж, элдэв эвлүүлэгчид, пиарч нэртэй сэргэлэн хорчид, нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй далд орлогоо голчилдог, яахаас ч буцахгүй субьектүүд л санаачилгыг гартаа аван тоглож байна. Намууд хүмүүсээ явган хоронд дадлагажуулж биш хол явуулж, дэлхийн жишгээс суралцуулж бэлтгэх, улмаар нийгэмдээ, улс орондоо хайртай, голтой боловсон хүчнүүдийг хөгжүүлэх цаг нэгэнт ирснийг эдгээр үйл явдлууд харуулж байна. АН-ынхан ч гэсэн дотоод хурал, зодооноо өөрсдөө бичээд гадашлуулж нэг нэгнээ авладаг зуршилтай. Үүнийгээ бид нээлттэй ил амьдралтай улс гэж тунхагласаар өдий хүрч байна. Тэр ил амьдрал нь явсаар энэ сайхан намыг тантан болгож, бүлэглэлүүдийн зодоонд туйлдуулж дууслаа. Хаа хаанаа энэ байдлаас сугаран гарах, хамтарч улс төрийн дотоод соёлыг төлөвшүүлэх тал дээр ажиллахгүй бол гадагшаа шидэж буй шавар нь нийгмээ хуваагаад дууслаа. Харин энэ бол Монголын зовлон шүү. Намуудын зовлон Монголын зовлон болдог жишиг нэгэнт тогтчихсон тул би ийнхүү хэлж байгаа юм. Эрхэм уншигч та тунгаан бодно биз ээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn