Open door
2016 оны 7 сарын 3 [Уншсан тоо: 87094]
Дөрвөн жилд нэг удаа болж, монголчуудыг самардаг сонгууль маань болдгоороо болж өнгөрлөө. Товчхондоо санаанд оромгүй савалгаа, санаанд оромгүй үр дүн харав. Нийт сонгогчдын 47 орчим хувийн санал авсан АН есөн суудалтай болж, сонгогчдын 50 гаруйхан хувийн санал авсан МАН 65 суудалтай боллоо. Жижиг мажоритарын гай гэх үү, гавьяа ч гэх үү. Эрх баригч нам өөрийнхөө зохиосон тоглоомын дүрмэнд бүдэрсэн болохоор одоо яалтай ч билээ.


За, энэ ч яахав.

Хамгийн гол нь сонгууль тайван явагдаж, үр дүнг нь нийгэм хүлээн зөвшөөрөв. Одоо өнгөрсөн дөрвөн жил Төрийн толгойд байсан АН дотоод руугаа эргэж, ялагдлаа дүгнэж, хэмхэрсэн намаа цэгцлэх тал руугаа анхаарч, ялагч МАН төрийг төвхнүүлэх багаа тодруулах ажилдаа идэвхийлэн орж буй нь жам ёсны үйл явц юм.

....Улс төр сонирхогчдын анхаарлыг шинэ Ерөнхий сайд хэн бэ гэх асуулт хамгийн ихээр татаж буй нь зүйн хэрэг. Хэдийгээр энэ нь сонгуулийн дараа болдог уламжлалт үйл явдал ч энэ удаа ялагчид маань мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн мэдэгдсэн учраас иргэд энэ зүг урьд урьдийнхаас илүү хариуцлагатай хараа бэлчээж байгаа юм. Тийм ч учраас энэ багийг хэн тэргүүлэх нь вэ. Хэн тэргүүлвэл зохилтой вэ..гэх мэтгэлцээнүүд цахим сүлжээнд ч алба амины орчинд ч хаа сайгүй өрнөж байна.

Нэгэнт парламентад 65 суудал авсан болохоор шинээр байгуулагдах Засгийн газар тогтвортой ажиллана, улс төрийн элдэв хэрүүл тэмцэл, зөрчилдөөн байхгүй гэсэн үг. Улс төрөөс нийгэм рүү ирж дардаг түгшүүр, санаа сэтгэлийн үймрэл чин үнэндээ өнгөрсөн дөрвөн жил төрийн албыг ч, улс орныхоо үндсэн аж амьдралыг ч ихээхэн нэрмэж, гундаасан. Ийм явдал зогсоно гэдэг нь ойлгомжтой учраас иргэд тайвширч, тэдний зүгээс ирэх мэдээг тэвчээртэй хүлээж байна. Энэхүү хүлээлтэд үнэ цэнэтэй хариу барьж чадах эсэх нь эрх баригч МАН-ын лидерүүдээс шууд хамаарна. Шулуухан хэлэхэд тэдний хувьд дотроо зохицож, албан тушаалын хувиарлалтуудыг элдэв зөрчил тэмцлийн утаа суунаглуулахгүйгээр хийж чадах үгүйгээс дараагийн дөрвөн жилийн ноён нуруу, төрх төлөв хамаарах юм.

....Улс төрийн нийтлэг жишгээр бол МАН-ын дарга М.Энхболдыг дараагийн Ерөнхий сайд гэж хүмүүс харж байна. Үнэмлэхүй ялалтыг удирдсан түүний хувьд энэхүү дархан эрх эргэлзээгүй хадгалагдана. Харин тэр энэ удаа жишиг ёсоор Ерөнхий сайдаа авах уу эсвэл УИХ-ын дарга болох уу гэдэг асуулт өнөөдрийн гол сэдэв болж байна. Нэг талаараа яагаад ийм асуулт гарч ирж байгаа юм. Бүх юм жишгээрээ явна гэж зарим нь шууд асууж байгаа байх. Гэхдээ энэ маань жишиг болохоос хуульчилсан ойлголт бас биш гэдгийг санах ёстой. Нөгөө талаасаа М.Энхболд гэдэг хүнд Ерөнхий сайдын сэнтий шинэ зүйл биш. Энэ өгүүлбэрээ хүрч үзээгүй оргил биш гэж тодотгоё. Шулуухан хэлэхэд түүнийг өөр орон зай үүд нь дэлгээстэй хүлээж байгаа шүү дээ. Тэр бол Ерөнхийлөгчийн сэнтий. Их улс төрийн нэгэн чухал хөзрийн тамга болох Ерөнхийлөгчийн сонгууль жил хүрэхгүй хугацааны дараа болж, Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө хүлээж авна. Энэ сунгааны нэг номерт Миеэгийн Энхболд байгааг хоёр хөршийнхөн маань ч бичээд эхлэсэн байна. Доторх нь тэр бүр хялбархан уншигддаггүй, хийгүй, нягт улстөрчийн хувьд М. Энхболд үүнийг эртнээс тооцсон нь мэдээж. Харин тэр шулуухан тэр зүгийг барьж алхах уу, эсвэл үгүй юу.

....Олонхыг бүрдүүлж буй УИХ-ын 65 гишүүний нэрсийн жагсаалтыг харахад л бэлээхэн хоёр хувилбар харагдаж байна. Эхний хувилбарыг бас дахин иш татахад М.Энхболд Ерөнхий сайд. Сонгуульд нэр дэвшилгүй үлдэж, С.Баяртай хамт ар дааж ажилласан У.Хүрэлсүх шадар сайд. Дараа жил М.Энхболд Ерөнхийлөгчийн зүг алхахад тэдний байр солигдох тохироо хийгдэх...Энэ хувилбар үнэндээ эртнээс цагаан байшингаар ниссэн учир улс төр гадарладаг хүмүүсийн хувьд шинэ мэдээ биш.

...Хамгийн сонирхолтой нь миний тооцож буй удаах хувилбар. УИХ-ын дарга М. Энхболд болвол дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Яагаад Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд болох боломжит хувилбар вэ ? гэж зарим нь дотроо асууж байгаа байх.


....Ухнаагийн Хүрэлсүх дээд зиндааны улс төрд шинэ хүн биш. Түүний намтар гадаадын боловсролын диплом, дөчин мянгатад өссөн гэх мэт тансаг баримтуудаар ховор ч өөрийн онцлог зан чанар, туулж ирсэн замнал, улстөрч хүнд байвал зохих үнэт чанаруудаараа тэр өөрийн үеийнхнээ манлайлж, дээд доод үедээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан нэгэн. Тэр бол улс төрд хаалга тогшилгүй, хүн амьтнаар чирч татуулалгүй орж ирээд, залуу бага наснаасаа өдий хүртэл тасралтгүй ажилласан нөхөр. Түүний улс төрийн тод имиж бол эр зориг, эрс шийдэмгий байдал нь юм. Байсан ч биш байгаагүй ч биш, ил ч биш далд ч биш ойлгомжгүй үе түүний улс төрийн замналд лав байхгүй.

Эдүгээ 48 хан настай тэрбээр анх ерэн хэдэн онд эрх баригчдын эсрэг сөрөг өлсгөлөн зарлаж, олны анхааралд анх өртөж байв. Н.Энхбаярыг хаан байх үед “Та энэ намыг удирдаад байна уу, эсвэл танай эхнэр тань удирдаад байна уу” гэж хэлэн сөрж, шанд нь зуултанд нь орж, улс төрийн амаргүй сорилтоор шахуулж, туулж давж явсан адармаатай хэрнээ басхүү элбэг баян намтрын эзэн юм. Үеийнхэн дотроосоо хамгийн амьд халуун домогтой улстөрч бол тэр.

Хувьсалт нам хэмээн насан турш чичлүүлж явсан зовлонт нэрийг Ардын нам гэх анхны нэрээр нь сольсон хүн ч мөнөөх л У. Хүрэлсүх. Намын нэр сольсон гэмтнээр цоллуулж байсан ч түүний зөв байсныг шинэ үеийн залуусын яриа, нийгмийн өнөөгийн хандлага нотолсоор. Өнөөдөр нээрээ л хувьсгалт нам гэхэд нэг л хэл эвлэхгүй болчихож. Үүний хамгийн том нотолгоо нь магадгүй саяын сонгуулийн дүн биз.

...Ерөнхий сайдын өндөр сэнтийг өгчихөөд явж оддог товариш Санжийн Баяраас өөр хэн билээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс саналаараа татгалздаг “дурак” өнгөрсөн 25 жилийн түүхэнд Цахиагийн хүү, Ухнаагийн хүү хоёр л байх юм. Явна гэсэн бол явж, ирнэ гэсэн бол ирдэг төслөг тал энэ гурван хүнд байдаг юм. У.Хүрэлсүх ийм л ялгардаг өнгө юм л даа. Саяны сонгуульд нэрээ дэвшүүлээгүй залуусаа дэмжин тойрч байсан нь ч бас л нэг ялгаатай тал. Магадгүй ардчилсан намынхан ийм шийдвэр гаргаж залуусаа дэмжсэн бол өнөөдрийн нөхцөл байдалд арай ч хүрэхгүй л байсан болов уу.

....У.Хүрэлсүхээр овоглогддог МАСЗХ гэж байгууллагыг миний бие үзгээрээ үргэлж шавхуурддаг байлаа. Удирдагч Ухнаагийн Хүрэлсүхийг ч мөн ч их “гөвшиж” явжээ. Өнөөдөр эргэн харахад сайнаар ч муугаар ч хэлэгддэг энэ байгууллагын суурь МАН-д шинэ эргэлт, шинэ өнгө төрх авчирч байх шиг.


Сонгуулийн үр дүнг эргэж нэг талаас нь харъя. Ж.Мөнхбат гэж улс төрийн залуу лидер парламентын амьд домгуудын нэг Р.Гончигдоржийг, Г.Тэмүүлэн гэж залуу Бридж Ганхуягийг, П.Цэрэнбат гэж нөхөр Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийг, Л.Оюун-Эрдэнэ өөртөө тойргоо зурчихсан Бүлгийн дарга Б. Гарамгайбаатарыг, Л.Энхамгалан гэгч алдарт Г. Батхүүг, Н. Учрал нөгөө Л. Эрдэнэчимэгийг, Босоо гэгдэж байсан Ж. Оюунбаатарыг 29 настай Д. Гантулга гэдэг хүүхэд өвдөг шороодуулав. Хаанаасаа ийм олон залуус гараад ирчихэв гэж хүмүүс шуугиж байна. Нэг талаас нь хамаад хэлэхэд эд бүгдээрээ л НАМЗХ -гоор дамжсан залуус. МАН ингэж залуусаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр дэмжиж, нийгмийн хүлээлтэд нийцүүлэв. Энэ төслийн эцэг яах аргагүй У.Хүрэлсүх юм л даа. Энэ утгаараа тэр бол залууст хаалга нээгч юм. Хэрэв өнөөдрийн АН-д У.Хүрэлсүх шиг мөрөөдөл, эрч хүч дүүрэн залуусынхаа өмнө Open door бодлоготон байсан бол АН ийм байдалд орж, үжгэрсэн намаг шиг болохгүй л байсан болов уу.

...У.Хүрэлсүхийг намын ахмад, дунд, залуу үе гэсэн гурвалсан хэлхээ нь том утгаараа дэмждэг байх өндөр магадлалтай. Тэр маш туршлагатай холбон тоглогчийн үүргийг олон ээдрээ төвөгтэй үед гүйцэтгэж байсан. Магадгүй өнөөгийн У.Хүрэлсүхийг бүтээж буй энэ бүх олон тал, олон чадвар эдүгээн хүнд бэрх үед Ерөнхий сайдаар ажиллуулахад зохимжтой хувилбар байж болохоор харагдана. Дипломат царайлсан нялцгай амьтдаас тэс өөр эрс шийдэмгий Ерөнхий сайд энэ цагийн хямралын үеийг давахад хэрэгтэй ч байж мэдэх. Мэдээж М.Энхболд стандарт бус сонголт хийвэл шүү дээ. М.Энхболд У.Хүрэлсүх нар бол эртний андууд. Тэд хосолсон морьд шиг явж, нөхдийнхөө хамт Н. Энхбаярын савраас намаа салгаж чадсан. Одоо ямар ч шийдлийг хамтдаа гаргаж чадах бололцоотой. Намын цагаан байраар нисч буй эх сурвалжууд, олон олон хэлэлцээр, санал, яриа хөөрөөнүүдийн дотроос шүүрдэж би ийм нэгэн прогноз хийлээ. Та бүхэн ч хувилбараа дэвшүүлээрэй...

Дараагийн прогнозыг ирэх долоо хоногт.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn