Баабараас өөр...
2017 оны 3 сарын 31 [Уншсан тоо: 134792]


Гэрэл зургийг Unread.mn


Амралтын өдрөөр үзгээ барилаа... Өөртэйгөө ярьж суух ч бас зүгээр л дээ. Ярилцлагаар голлосон сэтгүүлчийн хувьд хүнийг л яриулж явснаас биш өөрөө бага ярьжээ. Жаахан төсөөрсөн ч юм шиг. Гэхдээ төсөөрч болохгүй сэдэв, төсөөрөх эрхгүй санаа гэж бас бий..

...Монголчууд бидний хувьд УИХ-ын сонгуулиас дутуугүй ач холбогдол өгч санаа тавьдаг ээлжит том сонгууль болох цаг тун ойртжээ. Тэндээс манай эх орныг дөрвөн жил төлөөлөх хүн тодорно. Тэр эрхэм таны, миний дэмжсэн болон дэмжээгүйгээс үл хамааран таны ч миний ч ерөнхийлөгч байх болно.

Яг ийм үеийг манайхан нохойн дуу ойртлоо гэж  хэлцдэг л дээ. Үнэхээр нохойн дуу ч ойртох нь ойртжээ. Энэ үед улс төрийн намуудын амьдрал идэвхждэг. Мөн л тэр жам ёсоор парламентын гортиг дотор суудалтай, суудалгүй бүгд л холхилдож эхэлсэн үзэгдэнэ. Улс төрийн зарим дэл сул яваа “од”-ууд орогнол хайн ил далд гүйцгээж, нэгэнт тавилангаа мэддэг хортой тоглогчид хөндлөнгөөс сум тавьцгааж, ажиглагчид чухал царайлан тамхилцгаан мэдээлэл солилцож аргагүй л сонгууль дөхсөн өдрүүд дүрээрээ морилон иржээ.

Манай намууд дотроос өнгөрсөн сонгуулиудад шил дараалан өвдөг шороодсон Ардчилсан намын асуудал миний хувьд илүүтэй анхаарал татаж байгаа юм. Мэдээж эрх баригч намын асуудал бараг тодорхой учраас, мөн тэдний зүгээс ширээ дүүрэн идээ будаатай, байшин дүүрэн хүнтэй найруудаас өөр үзүүлбэр гаргаж тавихгүй, тавиад ч сонин биш харагдах учраас тэр. Тодруулбал, тэдний нэг хэсэг нь Төрийн өмнө хүлээсэн үүргийнхээ төлөө ажиллаж, нөгөө хэсэг нь сонгуулийн бэлтгэл ажлаа базааж буй нь ойлгомжтой. 

АН ийнхүү томоохон ялагдлууд хүлээснийхээ дараа гал голомтныхоо дотоод зовлон руу эргэн ирж, гэр орноо төвхнүүлэхээр ханцуй шамлан орцгоодог уламжлалтай айл л даа.  Тэгэх ч ёстой, тэг ч гэж тэднийг бас олон нийт шаарддаг юм. 

....Сүүлийн жилүүдэд лидерийн хомсдолд улс төрийн намууд орсон тухай яриа их явдаг болжээ. Гэхдээ манай  улс төрд тод тод лидерүүд байгаа л даа. Зорилготой ч хувь тавилангүй лидерүүд ч байж л байна. Хурц тод гялбаатай, хатуу зорилготой, түүнийхээ төлөө мятрашгүй явж байгаа лидерүүд ч бий. Зорилгогүй, зүгээр л юунаас ч шалтгаалахгүй хүчирхэгээр оршин байдаг лидер ч буй.

....Ер нь бол АН-ын энэ олон жилийн зовлонгийн суурь нь фракцуудын зөрчилдөөн дээр очиж тайлбарлагдсаар удаж байна. Фракцуудын сөргөлдөөн нь саяын намын даргын сонгууль дээр бүр ч ил үзэгдсэн. Эдний лидерүүд ч фракцуудын толгойлогчид. Тэгэхээр энэ хэцүү асуудлаас хэзээ мөдгүй сугараад холдчихож чадна гэдэг үлгэрт итгэхэд бэрх. Олон жилийн энэ ужиг хүндрэлээс гарахаар хийж буй нэг сайн алхмын илрэл бол “энэ фракцууд л манай намыг баллаж байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн явдал нь юм. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ гаргаж ирэх вэ гэдэг асуудал ч энэ зовлонтой түгжрэлээс ангид явагдахгүй. Учир нь цаг дэндүү бага байна. Яагаад фракц гэх ходоодны өвчнийг хөндөв гэхээр улс орны Ерөнхийлөгч хүн фракциар боомилогддог хүн байх нэн төвөгтэй. Манай Ерөнхийлөгчдийн хувьд олон зовлонгуудыг эдэлдэг. Нэгдүгээрт, намаасаа нэр дэвшдэг. Гарчихаад нам бус болдог. Гэтэл алхаж ирдэг хөрс нь яалт ч үгүй  намаасаа маш хүчтэй дэмжлэгтэй лидер байж л ерөнхийлөгчид нэр дэвших мандатыг атгадаг тийм хөрс юм. Тэгээд л арга буюу унаган фракцийн өр ширийг төлөхөөс зовлон нь эхэлдэг. Ийм зовлонгүй лидер ингэхэд Ардчилсан нам дотор байгаа билүү. Би бол Баабар гээд л цааш нь хуруугаа дарж чадахгүй.

....Саяхан хуучин соцдек, АН-ын оюун санааны хүчтэй төлөөллүүдийн нэг, ноён Л.Бямбажаргал ярилцлага өгчээ. Тэр танай намд лидер байна уу гэсэн сурвалжлагчийн асуултанд ингэж хариулсан байна. Магадгүй түүний хариулт ч намайг өдөөсөн байж мэднэ. Тэр ингэж хэлжээ: “Надад бол хүчтэй лидер юмаа гэсэн хүн харагдахгүй байна. Гайгүй гараад ирж байгаа нь өөрсдөө баастай хутгалдчих юм. Нөгөө хэд араас нь ч сайн хөөрөгдөх юм. Лидер гэдэг бол хоёр үндсэн чанартай байх ёстой. Нэгдүгээрт, хүлээн зөвшөөрөгдөх, хоёрдугаарт, өөрт нь харизм шинж байх ёстой. Тэр хоёр зүйл хоёулаа нийлж байж сая лидер болно. Тухайлбал, Баабар бол нийгэмд танигдсан хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Гэхдээ Баабарт харизм, тэмцэх удирдах чадвар алга байна. Бодсон юмаа хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна уу. Тийм. Гэхдээ нам удирдаад яв гэвэл үгүй л гэнэ. Монголын улс төрд үнэхээр лидер алга. Эдүгээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хийж байгаа хүнийг лидер биш гэж хэлбэл гомдох байх. Гэхдээ лидер гэдэг чинь эднээс өөр хүнийг хэлнэ л дээ”...

....Баабар...Нээрээ Баабар...гэсэн бодолд ингээд би ээрэгдэв ээ. Өнөөдөр хэд хэдэн лидерийн нэрийг ажиглагчид онцгойлон ярьж байна. Тэднийг түр орхисуу.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь нэгдүгээрт нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн лидер байх ёстой гэж улстөрчид хэлдэг. Энэ үнэн. Энэ хэмжүүрээр бол Баабар ноёнтон нэг намд биш нийт үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм юм. Нэр дэвшиж болно гэж яригдаж байгаа эрхмүүдийн нэрсийг өрөөд, ард нь ч бай, урд нь бай  Баабарын нэрийг оруулж зоогоод харахад л бусдынх нь сүр хүч хэвтээд өгч байх жишээтэй. Хачин юм шүү. Үнэхээр хүчтэй лидерийн туяа бусдыг бүдгэрүүлчихдэг л дээ.

Түүний тухай тэртээ 1996 онд нэрт сэтгүүлч Шагдарсүрэнгийн Цэрэнпил “Бусдыг бүдгэрүүлэгч хүч” хэмээх алдарт хөрөгөө бичсэн байдаг. Ер нь бол бичдэг хүний тухай бичих нь тэнэг зоригтой хүний хийх ажил л даа. Манай Цэрэнпил гарцаагүй хийж байгаа учраас л барьж авч чадсан байдаг. Одоо ч нэмэж хэлэх өгөгдлүүд бараг орж ирэхгүй байхыг бодоход мань хүн үнэхээр бидний амьдарч буй энэ цаг үеийн нэгэн том ДҮР-ийг гаажтай агаад гарцаагүй бүтээгээд оджээ.

....Мань Л.Бямбажаргал лидерийн эрэлдээ хатаад сүүлдээ Р.Амаржаргал, Ж.Батзандан хоёрыг нийлүүлж мутацид оруулаад хүсч буй Ерөнхийлөгчөө гаргаж ирж болох юм хэмээн мөрөөдлөө ярьжээ. Би бол бүгдийг нь нэгтгэсэн лидерийг Баабар л гэж харж байна. Баабарыг харизмгүй гэх. Яагаад түүн шиг харгис шоологч, зарим үед доромжлон үгүй хийгч, бууж өгөхийг мэдэхгүй булгалан буулгаж ирдэг аймшгийн чадвар, чанар хоёрыг  тээгч энэ лидер харизмгүй байх билээ. Заримдаа түүний тухайд би “Үнэнийг хэлэхэд заавал ингэж улалзуулах шаардлагатай юу” гэж боддог байсансан. Харин хожим үнэнийг уудалж илчилж, ухан гаргаж ирж, буулгаж ирж, байранд нь тавих тэмцлийг улцагануулж хийдэггүйг ойлгосон л доо. Ер нь бол шоолох урлагийг хийгчид бол маш том ачаа үүрэгчид байдаг. Баабарын хувьд шоолох нь түүний маш том тэмцэл. Ухуулах, сэнхрүүлэх, ёгтлох, сануулж сэрүүлэх, шившиглэх зэрэг нь түүний тэмцлийн олон хэлүүдийн нэг нь.

....Тэр бас араасаа түүчээлэн дагуулагч. Өнөөдрийн олон кандидат дотор түүн шиг бүхэл бүтэн үеэр нь араасаа дагуулсан соён гэгээрүүлэгч үгүй л болов уу. Бидний үеийнхэн л лав түүний гэгээнд бойжигсод. Баабарыг тэмцлээс ангид авч үзэх бололцоогүй. Түүний бүхий л амьдрал тэмцэл байсан. Хэдийгээр өөрөө “Танай улс төрөөс би юу ч гуйхгүй, явлаа” гэж хэлээд явсан ч бурангуйлал болгонтой тэр тэмцсэн. Монголдоо хайртай учраас монголоо гоё болгох гэж байшин биш дайсан цуглуулан байж алалдсан. Хэн ч үгүйсгэхгүй.

....Тэрнийг доромжлогч, гутаагч, америкийн суртлыг дэлгэрүүлэгч гэх зэргээр элдвээр л хэлж байдаг. Гэхдээ түүний дотор ямар зөөлөн өмөөрөгч хүн, ямар гоё нөмөрлөгч нөхөр, ямар дулаан ах оршдогийг тэр бүх хүмүүс харин мэддэггүй.

....Миний хувьд Баабартай 1998 онд Ардын эрх сонины оны шагнал гардуулах ёслол дээр анх танилцсан. Тэрнээс хойш үй зайгүй нялуурч ч явсангүй, үгийн зөрөөгүй муудалцаж ч явсангүй. Тэр надад хааяа таараад ганц хоёрхон үгээр зөвөлдөг байсан. Тэнэг хүнээс зүгээр л хол зугт...гэх мэт. Дорой, ядрууг нь барьж авч битгий баал гэх мэт. Буруу гарын луйварчнаас айх шаардлага чамд байхгүй шүү дээ мэт....Баабар айдасгүй хүн. Тэр хэнээс ч айх барьцаагүй. Тэр бас намчирхсан амьдралаас эрт хөндийрсөн хүн. Баячууд нь ч, борчууд нь ч түүнийг мэдэх юм даа. Ингээд яривал их юм байна. Бодоод бодоод байхад, Баабараас өөр...

Амьдрал ч сайхан шүү. Яриад байвал зөндөө л гоё юм урсан орж ирж байна. Ингэхэд би бичээгүй уджээ. Ахиад ийм сайхан гэрэл гэгээтэй агшнаар уулзацгаая.

2017.03.25




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив